
“Эмч хүн хүний амьтай ноцолддог бол бид хүний аюулгүй орчинтой ажиллаж байгаа хүмүүс”. Энэ бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатарын Өвөрхангай аймгийн улсын байцаагчдын зөвлөлгөөний нээлтэд хэлсэн үг. Мэдээж энэ үгийн ард, урд тодорхой тайлбар байсан нь ойлгомжтой. Гэхдээ улсын байцаагчдын ажилдаа мөрдлөг болгох ёстой гол зарчим нь дээрх тайлбар. Учир нь Үндсэн хуульд төрийн үүргийг иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах хэмээн тунхагласан байдаг. Гэхдээ үүнийг зөвхөн хилийн аюулгүй байдал, тусгаар тогтнол гэдгээр нь харж болохгүй. Тухайн иргэн улс орондоо эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдарч, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, ерөөсөө хүнд зориулсан бүхэн нь та бидний амь насанд хор учруулахуйц хэмжээнд байж болохгүй гэсэн үг. Тэгвэл энэ үүргийг биелүүлдэг хамгийн гол төрийн байгууллага нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Мэдээж ажлаа сайн хийвэл шүү дээ. Харамсалтай нь тус байгууллагыг тойрсон хэл ам, хүнд суртлын тухай яриа өдгөө аль хэдийнэ олонд ил тод болчихсон байдаг нь нууц биш. Үүнийг хэчнээн үгүйсгээд ч иргэд цайруулж бодох нь юу л бол. Гэсэн ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд сүүлийн арван сарын хугацаанд шинэчлэл хийж эхэлсэн гэнэ. Энэ нь олон нийтийн хэл ам, хардлага, үл итгэх байдлыг арилгах тухай гэж томьёолсноо дээрх зөвлөлгөөний үеэр тайлбарлаж байна билээ. Нэг ёсны шинэчлэлийг зөвхөн цааснаа буусан хуулийн өөрчлөлтөөр бус, бодлогын түвшинд дэвшүүлсэн зорилтоо үйл ажиллагаандаа буулгахын тулд орон нутгийн улсын байцаагчдад номын дуу сонсгож эхэлсний илрэл нь дээрх арга хэмжээ ажээ. Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяанд алба хашиж буй байцаагчдын шинэчлэлийн дүр төрх ямар байх вэ. Энэ асуултад юун түрүүнд торгох, шийтгэх бус харин зөвлөх арга барилыг хэлж болно. “Чи зөрчил гаргасан тул би торгоно” гэдэг хатуу дэг жаягаасаа тэд “Чи өнөөдөр ийм зарчмаар ажиллах ёстой” гэдэг зөвлөгөөг үйлчлүүлэгчдэдээ өгч байх ёстой. Улмаар эрсдэлд суурилсан хяналтын арга барилыг нэвтрүүлж, хяналтын хуудсыг нэвтрүүлнэ. Мөн шалгалтын чиглэлийг төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэсэн гурван хэсэгт хувааж, төр хамгийн онцгой буюу төлөвлөгөөт шалгалт руу анхаарлаа хандуулах аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар зөвлөлгөөний үеэр хамгийн онцгой шинэчлэлээр зарлаж байсан нэг сэдэв бол яах аргагүй стандарт. Ерөнхий сайд С.Батболд ч энэ талаар улсын хэмжээнд стандартын шинэчлэлд ханцуй шамлан орох цаг болсон гэдгийг зарласан нь бий. Ингэж стандартын сэдвийг онцгойлохын учир нь Монгол Улсын хэмжээнд мөрдөж байгаа нийт стандарт, норм, нормативын 27 хувь нь орчин цагийн шаардлагад нийцэхээ больсонд байгаа аж. Нийгэм хөгжихийн хэрээр хүний амьдралын хэрэгцээ шаардлага, бүтээгдэхүүний чанар, стандарт шинэчлэгдэж байх нь жам ёсны шинэчлэл. Гэтэл улсын байцаагчид шалгалт хийхдээ социализмын үед тогтоосон стандартын дагуу шалгалтын дүн гаргаж байгаа нь энэ төрлийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсныг илтгэнэ. Наад зах нь, рестораны үйл ажиллагаанд шалгалт хийхэд халбага, сэрээ, аяга, тавагны тоо тод байх ёстой гэдэг стандарт байхаас бус хоолны орц, илчлэгийн чанар гэх мэт бодит стандарт байхгүй бололтой юм билээ. Иймд Мэргэжлийн хяналтын байцаагчид стандартын шинэчлэл батлагдсаны дараа халбага, сэрээ тоолох бус та бидний төлбөр төлөөд иддэг хоол, хүнсний чанарт анхаарлаа хандуулдаг болно гэсэн үг.
Зөвлөлгөөний үеэр гол болгож тавьсан дараагийн асуудал бол байцаагчийн ёс зүй. Насаараа байцаагчийн эрх барьж, насаараа байцаагчийн үнэмлэхээр бусдыг чичрүүлэх мэт боддог тэдний хувьд гурван жилийн хугацаатай эрх авдаг болох нь. Энэ хугацаандаа бас зүгээр нэг том зан гаргаад явна гэж байхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан сургалтад сууж, кредит цаг цуглуулах ёстой. Мөн энэ хугацаандаа ёс зүйн хариуцлага алдаагүй байх нэг том зарчим бий. Хэрэв өөртэй тань ажилласан байцаагч ёс зүйн хариуцлага алдан танаас мөнгө нэхэж, дээрэлхэж, хэл амаар доромжилж, эрх мэдлээ урвуулан ашиглахыг хүссэн бол шууд л 1286 дугаар руу залгаарай. Тэгээд хэн гэдэг байцаагчийн талаар ямар шүүмжлэл хэлэхийг хүснэв, түүнийгээ хэл. Тэр даруйд таны шүүмжлэлийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ёс зүйн хороо хуралдаж, гаргах ёстой шийдвэрээ гаргана. Даргынх нь ярьж байгаагаар бол ажлаараа далайлгаж, аархаж загнах дуртай байцаагчдыг ганц чичрүүлэх газар нь энэ хороо гэдэгт итгэж болохоор юм билээ.
Эцэст нь энэ зөвлөлгөөний үеэр зарласан бас нэгэн таатай мэдээг дуулгахад Хятадын 7.2 сая ам.долларын тусламжаар барьж буй улсын нэгдсэн лабораторийн барилгын явц тун хурдацтай байгаа тухай мэдээ. Лабораторийн ажлыг сүүлийн арван сарын хугацаанд эхлүүлж, хурдлуулсан шиг хурдлуулж буй гэнэ. Лаборатори ашиглалтад орсноор шалгах ёстой бүхнийг шалгаж, шинэчлэх ёстой бүхнийг шинэчлэх боломжтой болно. Тэр хэрээр та бидний амь нас баталгаатай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломж бололцоо гэгээн сайхан байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан амлаж байсан. Ийн хоёр өдрийн турш “Шинэчлэлийг дагаж шинэчлэгдэх ёстой” гэсэн зарчимд тулгуурласан Өвөрхангай аймгийн улсын байцаагчид өөрийгөө, өөрийнхөө үйл ажиллагааг хэр шинэчлэхээс ажилдаа үлдэнэ гэдэг хатуу болзолтой “Авлигаас ангид, ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлөх мэдэгдэл”-д гарын үсэг зурснаар нутаг, нутгийн зүг мордоно билээ. Тэдний нэг болох Богд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Гантулгаас шинэ шаардлагын талаар асуухад “Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шинэ удирдлага бүрдэж, шинэ аргаар ажиллаж эхэлсэн нь сайшаалтай байна. Миний хувьд ийм шинэчлэл хийх цаг нь болсон гэж бодож байна. Уг арга хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа шинэчилж, хариуцлагаа дааж ажиллах шаардлагатай гэдгээ ойлгож байгаа” гэж байсан. Үнэхээр ч дарга нарын хэрэгжүүлэхээр зориглосон шинэчлэлийг гүйцэтгэх ажилтнууд нь Ц.Гантулгын хэлсэн шиг хүлээн авч, хэрэгжүүлсэн ч шиг хэрэгжүүлнэ гэж найдъя. Үгүй бол шинэчлэлийн бодлогыг хоёр өдөр ч, 20 өдөр ч ярьж хэллээ гээд хэрэгжүүлэх явцад үр дүн гарахгүй бол түүн шиг эмгэнэл үгүй биз ээ.
Г.ОТГОНЖАРГАЛ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин