
Туршилтын олборлолт ирэх оны тавдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд уг туршилтаар Монголд ураны нөөц хэр байна, олборлоход ямар арга технологи хэрэглэх нь тохиромжтой вэ гэдэг нь тодорхой болох юм. Уг нь туршилтыг ирэх арваннэгдүгээр сард эхлэхээр төлөвлөсөн ч Монголын цаг агаарын онцлогоос шалтгаалан газар хөлдөхөөс өмнө, тэр тусмаа энэ сард багтаан эхлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү туршилтын олборлолт амжилттай болбол үйлдвэр барих ажилдаа аажмаар орно. Ингэснээр Монголын уран эдийн засгийн эргэлтэд орж зөвхөн шар нунтаг зарах төдийхнөөр тодорхойлогддог энэ салбарын хөгжилд томоохон өөрчлөлт гарах учиртай. Мэдээж үүнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт, ажиллах хүчин шаардлагатай.
Бүгд найрамдах Франц улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, үйлдвэр, ажил эрхлэлтийн яамны гадаад худалдаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Анни Мари Идрак өнгөрсөн долоо хоногт манай улсад ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, хоёр тал ураны салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд БНФУ-ын Ерөнхий сайд Франсуа Фийонд мэндчилгээ дамжуулж Монголд айлчлахыг урьсан. Ингээд ерөнхий том хэлэлцээрүүд эхэллээ. Цаашид хөрөнгө оруулалт тогтвортой байдлын гэрээ байгуулах гээд олон ажил бий. “Арева Монгол” компани манай улсын төсөвт жилд 15-17 сая ам.долларын хөрөнгө оруулдаг. Олборлолт явуулах болсноор дээрх хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэх нь тодорхой.
Францын “Арева”-гийн 34 хувийг Японы “Мицубиши” групп эзэмшдэг бөгөөд уг гэрээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулсан. Харин “Арева” группийн ерөнхий захирал, хатагтай Анн Лувержан одоогоос яг нэг жилийн өмнө цөмийн энергийн салбарт Монгол Улстай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Шинэ мэдээлэл дуулгахад “Арева” группийн Монгол дахь салбар буюу “Арева Монгол” компанийн ерөнхий захирал ирэх арваннэгдүгээр сарын эхээр солигдох болжээ. “Арева” группийн захирлуудын удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Эрик де Сейзийг өөр ажилд томилж, оронд нь Өмнөд Африк дахь салбарт нь ажиллаж буй Жулиен Бабейг томилохоор шийдвэрлэсэн байна. Гэхдээ өмнөх захирал ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, ажлын шаардлагын дагуу түүнийг солихоор болсон. Захирал солигдсоноор Монголд явуулж буй үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт гарахгүй гэж эх сурвалж мэдээллээ.
Дашрамд дурьдахад, “МонАтом” компанийн захирал Р.Бадамдамдин Ерөнхий сайдыг Канад улсад айлчлах үеэр тус улсын “Денисон Майнз” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Денисон Майнз” нь мөн л ураны салбарт хайгуул, олборлолт хийх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Монголын “МонАтом” компани ирэх оноос “Арева”-тай хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаас үзэхэд дэлхийн томчуудтай хамтарсан ураны салбар дахь үндэсний томоохон компани болохыг зорьж байгаа бололтой. Харин “Хан Ресурс” хийгээд “Дорнод Уран”-ы асуудлыг хэрхэн шийдэх нь шүүхийн шийдвэрээс хамаарах болчихоод байгаа юм. Салбарын мэргэжилтнүүд “Монгол Улсын Засгийн газар бизнесийн асуудлыг улс төртэй хольж хутгахгүй, шударгаар шийдэж чадвал “Хан Ресурс”-ын талд нааштайгаар эргэх ёстой” гэж ярьж байна.
У.ОРГИЛМААЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин