“Трубадур”- Бүх теноруудын мөрөөдөл

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

“Трубадур”- Бүх теноруудын мөрөөдөл

Өшөө хорслоор буцалсан цыган эмэгтэйн балгаар төрсөн ах, дүү хоёр бага балчиртаа хагацжээ… Төөрөлдсөн ах, дүү хоёр нэгэн бүсгүйд сэтгэл алдарна. Тэд хайртай бүсгүйнхээ төлөө тэмцэлдээд эцэс сүүлдээ ах нь төрсөн дүүгээ хөнөөнө. Энэхүү эмгэнэлт “үлгэр”-ийг сонсохоор өнгөрсөн бямба гаригт театр үзэгчдээр дүүрэн байлаа.
Угаас бүх цаг үеийн хамгийн “том” дуурийн нэг гэгддэг суут Ж.Вердийн “Трубадур” үзэгчээр дутна гэж үгүй билээ. Ж.Вердийн дуурийг сонсоно гэдэг нь үзэгчдийн хувьд ч, уг дуурьт тоглоно гэдэг нь дуучдын хувьд ч нэр төрийн хэрэг байдаг гэдэг. Алдар хүндтэй дуучид Вердийн дуурийн гол дүрүүдэд тоглож байж л чансаагаа харуулдаг. Учир нь Верди бүх гол дүрүүдээ хоолойны маш өргөн цар хүрээтэй, бүрэн дүүрэн өсч хөгжсөн, “том” хоолойтнуудад зориулж бичсэн байдаг аж. Харин хөгжим судлаачид бямба гаригт бидний сонссон “Трубадур” дуурийг Вердийн бүтээсэн хамгийн хүчирхэг дуурь гэдэг байна.
Дэлхийн хамгийн цуутай теноруудын нэг асан Энрико Карузо “Трубадур дуурь амжилттай болоход энэ дэлхийн хамгийн шилдэг дөрвөн дуучин л хэрэгтэй” гэж хэлсэн удаатай. Үнэхээр ч “Трубадур” дуурийн өөр хоорондоо эн тэнцэхүйц хүчирхэг дөрвөн гол дүрийг хамгийн чадалтай дуучид л амилуулдаг гэдэг.  
Энэ удаагийн “Трубадур”-т хөгшин цыган эмэгтэй Азученад БУГЖ Д.Долгормаа, үзэсгэлэнт авхай Леонорад СТА Ш.Наранчимэг, дэлхийн бүх теноруудын мөрөөдөл байдаг трубадур Манрикогийн дүрд Ч.Түмэндэмбэрэл, гүнтэн Ди Лунад Ц.Баттөр нар амжилттай тоглов.
Дэлхий дээр бүх теноруудын дуулахыг мөрөөддөг дөрөв, таван дуурь байдаг гэлцдэг. Тэдний нэгт нь “Трубадур” дуурь яах аргагүй орно. Уг дуурийн “нэгдүгээр” гол дүр болох трубадур Манрикогийн дүр тенор хоолойтноос дээд С өнгийг шаарддагаараа маш их алдартай. Сонгодог дуурийн өнгөрсөн түүхэнд Манрикогийн дүрийг Италийн нэрт тенор Энрико Карузо хамгийн дээд зэргээр амьдруулж, С өнгийг гаргаж чадсан гэгддэг билээ.

Тенор болгоны хоолой онцлогтой учраас хүндрэл нь өөр, өөр хэсгүүдэд гардаг аж. Ихэнх тенорууд “Il Trovatore” дуурийн ‘Ah! si, ben mio’ ариг их хүнд гэдэг байна. Энэхүү ари нь дуулалтын хувьд маш хүндээс гадна сэтгэл зүйн хувьд ч айдас дагуулж байдаг. Учир нь энэ арины араас залгуулаад ‘Di quella pira’ ариг дуулдаг. Дээр дурдсанчлан ‘Di quella pira’ ари нь тенор хоолойтноос хамгийн дээд өнгө С ноот шаарддаг байна.
Ж.Верди өөрөө энэхүү өндөр С ноотыг хөгжмийн зохиолдоо бичээгүй байсан ч 1853 онд Флоренцад болсон тоглолт дээр нэрт тенор Carlo Baucardй ‘Di quella pira’-д өндөр С ноотыг нэмжээ. Ингээд өнгөрсөн зуунд Италийн тенор Карузо энэхүү өндөр С ноотыг дуулж, илүү түгээмэл болгосноос хойш одоо бүх тенорууд ‘Di quella pira’ ариг тэр жишгээр дуулдаг болсон байна.
Меццо сопрано хоолойтнуудын хувьд бас л чансаа шалгасан дүр бол Азученагийн дүр. Түүний дүр драматик дуулалтыг их шаарддаг. Өш хонзонгоор буцалсан хөгшин цыган эмэгтэйн хоолойг гаргахад “сайхан” дуугарах ёсгүй гэдэг. Драм ихтэй учраас хоолойгоороо дүрээ илэрхийлэх ёстой болно. Үзэгчдийн хамгийн ихээр тэсэн ядан хүлээдэг энэ дуурийн оргил хэсгийн нэг болох хоёрдугаар үзэгдлийн Азученагийн алдарт “Stride la vampa” ариг МУГЖ Д.Долгормаа гайхалтай хүчирхэг, сайхан дуулж үзэгчдээс халуун алга ташилтыг авч байлаа.
Леонора хэдийгээр зохиолдоо залуу бүсгүйн дүр боловч түүний аринууд бүрэн өсч хөгжсөн “том” хоолойтонд зориулагдсан гэж хөгжим судлаачид ярьдаг байна. Тиймээс ихэнхдээ залуу дуучдад тэр бүр Леонорад дуулаад байх боломж байдаггүй гэлцдэг. Ихэнхдээ дэлхийн алдартай сопранууд энэ дүрд 40 орчим насандаа дуулахыг илүүд үздэг байна. Харин залуу дуучин Ш.Наранчимэг Леонорагийн сэтгэл хөдөлгөм аринуудыг боломжийн сайн дуулж, үзэгчдийн таашаалд нийцэж байв.
Баритон Ц.Баттөр гүнтэн Ди Лунагийн дүрд маш чадварлаг тоглож, ирээдүйтэй дуучин гэдгээ үзэгчдэд батлан харуулж байлаа. Түүний жүжиглэх чадвар ч бас үзэгчдээс дажгүй өндөр үнэлгээ авч байсан болов уу.
1851-185Z он бол суут хөгжмийн зохиолчийн хувьд оргил цаг үе нь байсан гэдэг. Тэрээр энэ л хугацаанд “Rigoletta”, “Еl Trovatore”, “La Traviata” гэх хамгийн гэдэг хамгийн цуутай гурван дууриа туурвиж байжээ. Манай театр бидэнд эдгээр гурваас гадна суут жүжгийн зохиолч У.Шекспирийн галзуу шүтэн бишрэгч байсан Ж.Вердийн “Отелло” дуурийг хүргэдэг нь юутай азтай, сайхан хэрэг вэ. Энэ улиралд театрынхан үзэгчдэд Ж.Вердийн “Аида” дуурийг сонсгохоор хэдийнээ ажиллаж эхлээд байгаа билээ.
Анх Ж.Верди “Трубадур” дууриа цыган эмэгтэй Азученагийн нэрээр нэрлэх гэж байжээ. Тэгээд сүүлдээ хөгжимчин залуу Манрикогийн дүр Азученагийн дүрээс илүүтэй тодорч ирсэн тул түүгээр “Трубадур” гэж нэрлэсэн аж.
Ж.Верди “Трубадур” дууриа Испанийн зохиолч Antonio Garcia-гийн “El Trovador” гэх эмгэнэлт зохиолоос сэдэвлэн зохиосон аж. Salvatore Cammarano либреттог нь бичжээ. Хамгийн гайхамшигтай нь, Ж.Верди дуурийн урлагийн мөнхийн шүтээн болсон энэхүү суут бүтээлийг 1852 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 29-ний хооронд ердөө 30 хүрэхгүй хоногийн дотор бичиж дуусгасан байдаг. Төсөөлөхөд ч бэрх гайхмаар богино хугацаа.

Нэгдүгээр үзэгдлийн Леонорагийн “Tacea la notte placida”, хоёрдугаар үзэгдлийн “La Zingarella” буюу илүү түгээмлээр “Anvil” хоор, түүний араас залгуулаад “Stride la vampa”, гуравдугаар үзэгдэл дээрх Леонора, Манрико нарын хайрын дуэт ‘Ah! sм, ben mio coll’, Манрикогийн алдарт ‘Di quella pira’, дөрөвдүгээр үзэгдлийн Леонорагийн ‘D’amor sull’ ali rosee’, ‘Miserere’, Манрико, түүний эх Азучена нарын дуэт болох ‘Ai nostri monti’ аринууд энэ дуурийн хамгийн онцгойд тооцогддог.

Дуурийн үйл явдал 15 дугаар зуунд Испанид өрнөнө. Иргэний дайн, гүн нууц, хайр сэтгэл, үзэн ядалт, өшөө хорсол бүхэн энэ дуурьт багтжээ. Манрико, гүнтэн ди Луна хоёр ах дүү хэдий ч үүнийгээ мэддэггүй. Тэднийг нялх балчирт нь бие, биеэс нь салгасан байлаа. Тэд Леонора гэх нэгэн эмэгтэйд зэрэг сэтгэл алдарч, эх орон, хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцдэг. Хөгшин цыган эмэгтэй Азучена хоёр хүүгийн аавд эхийгээ хөнөөлгөсөн өшөөг авахаар бяцхан хүү Манриког багад нь хулгайлж, өөрөө өсгөж хүмүүжүүлдэг. Тэгээд эцэст нь ахынх нь гараар Манриког хөнөөлгөж өшөө хорслоо авна. Цаазаар авах тушаал өгсний дараа цыган эмгэн “Чи дөнгөж сая төрсөн дүүгээ хөнөөчихлөө” гэж ди Лунад хэлснээр энэхүү Вердийн эмгэнэл төгсөнө.

Ж.Нандиа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж