
Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.8-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэх заалтын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн дарга Ч.Чинбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга О.Сумъяасүрэн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Э.Тэгшбаяр, Тээвэр, Авто замын газрын дарга О.Пүрэвдорж, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Ундрах нар Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөсөө татгалзаж, Зүүнбаян-Улаан сумын 9, Сант сумын 12, Арвайхээр сумын 21, 22 дугаар тойргуудад нөхөн сонгууль явуулахаар болж байгаа юм.
Дээрхи төлөөлөгчид нэлээн хэдэн сарын өмнөөс тухайн төрийн албан үүргийг хашиж эхэлсэн ч хуулийн дагуу төлөөлөгчийн суудлаа тэр дор нь тавьж өгөөгүйгээс Өвөрхангай аймаг дахь Ардчилсан намын дарга Ц.Хишигсүрэн Авилгатай тэмцэх газар болон Төрийн албаны зөвлөлд өргөдөл өгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх эсвэл ИТХ-ын Төлөөлөгчөөс бүр мөсөн татгалзах хувилбараар асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийг шаардаж байсан билээ.
Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан тоотын дагуу Ч.Чинбат, О.Сумъяасүрэн, Э.Тэгшбаяр, С.Ундрах нар улс төрийн суудлаа орхисон бол О.Пүрэвдорж уг шаардлаганд хамрагдана хамрагдахгүй хэмээн тээнэгэлзэж, Хархорин сумын 18-р тойргийн төлөөлөгч Н.Төмөрбаатар төрийн албыг орхин улс төржсөн хэрнээ ИТХ-ын VI хуралдаанаар төлөөлөгчөөсөө татгалзан Хархорин сумын Улсын нөөцийн эрхлэгчээр томилогдсон ч саяхнаас энэ ажлаа хаян төлөөлөгчөө хийх болсон зэрэг толгой эргүүлсэн “тактик”-ууд удаа дараалан болов. Хууль хяналтын байгууллагаар эргэлдсэн ээдрээтэй энэ асуудал нөхөн сонгуулийн өмнөхөн цэгцэрсэн бололтой, Зүүнбаян-Улаан суманд МАХН-аас Т.Хүрэлбаатар, Ц.Цогтбаяр, Ардчилсан намаас Н.Энхбаяр, Н.Бумба, Сант суманд МАХН-аас С.Дамдинпүрэв, Ардчилсан намаас С.Ганболд, Арвайхээр сумын 21-р тойрогт МАХН-аас Д.Мягмар, Ардчилсан намаас Г.Тамир, Ю.Эрдэнэбилэг, бие даагч Д.Түмэнжаргал, 22-р тойрогт МАХН-аас П.Чимэг, Ардчилсан намаас И.Мөнхжаргал нар өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Энэ удаагийн нөхөн сонгууль 2008 онд Өвөрхангай аймагт явагдсан УИХ-ын сонгуулиас ч илүү үймээн дуулиантай байж мэдэх нь. Хоёр намаас шаардлага бүхий албан бичиг шидэлцэн, өөрсдийн сувгаар сүртэй нь аргагүй мэдэгдэл тавьцгааж байгаа нь нөхөн сонгуулийг байтугай төлөөлөгчдөө “урвасныг” ч мэдээгүй суусан зарим ард иргэдэд ихээхэн гайхшрал бас айдас төрүүлж байна. Ялангуяа Ардчилсан намаас урьдчилсан анхааруулгыг байнга өгч, жагсаал цуглаан ярьж байгаа нь 7 сарын 1-ний үйл явдлыг давтах нь гэсэн яриаг иргэдийн дунд тараажээ. Энэ тухай Ардчилсан намын дарга Ц.Хишигсүрэнгээс тодруулахад “Хэрвээ энэ удаагийн сонгууль шударга бус хүрээнд явагдаж, манай намаас нэр дэвшигчид ялагдал хүлээх юм бол улс төрийн шат дараалсан тэмцлийг хуулийн хүрээнд боломжтой бүх аргаар зохион байгуулна. Энэ жагсаалыг тайван хэлбэрээр явуулах боломжийг төр захиргааны байгууллагаас бүх талаас нь хангаж өгөх ёстой. Бид тайван замаар жагсаал хийх ч гэлээ бидний шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд улс төрийн суулт, бүр өлсгөлөн зарлах болно” гэж мэдэгдлээ. Шаардлага гарвал 1990 оны ардчилсан хувьсгалыг Өвөрхангай аймагт дахин авчирна гэдгийг тус намаас анхааруулсаар байна. “Дайны хажуугаар дажин” гэгчээр нөхөн сонгуультай нэр холбогдсон хүмүүс хов живэнд орох, аваарь осолд өртөх үйлдүүд гарсан нь сонгуулийн дуулианыг бүр нэмж орхилоо.