
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Филлип Айландэд болж өнгөрсөн мото уралдааны хаан ангилал Moto GP-гийн улирлын 16 дахь гараанд нутгийн тамирчин Кейси Стонер түрүүлж, дөрөв дэх жилдээ дараалан Австралийн гран-прид тэргүүллээ. Өдгөө 25 настай Ducati багийн тамирчин тэрбээр энэ жилийн дэлхийн аваргын болзлыг хэдийнэ хангачихсан байгаа Хорхе Лорензогоос найман секундын өмнө бариалж, аваргалжээ. Тэрбээр ийнхүү сүүлийн дөрвөн гарааны гуравт нь түрүү аваад байгаа юм. Стонер уралдааны дараа “Маш сайхан байна. Бидний хувьд уралдаан сайхан өрнөж байна. Анхны бэлтгэлээс эхлээд л бидний мотоцикль сайн байсан, хөгжөөн дэмжигчдийн түрлэг ч гайхалтай байлаа” хэмээн ярьжээ.
Харин гуравдугаар байрын төлөөх өрсөлдөөн дэлхийн долоон удаагийн аварга Валентино Росси болон Стонерийн багийн хамтрагч Америк нисгэгч Ники Хайден нарын хооронд өрнөж, Итали нисгэгч шагналын тавцанд гарчээ.
Энэ улирал өндөрлөхөд хоёр гараа үлдээд буй энэ үед Yamaha-гийн Хорхе Лорензо хэдийнэ аварга авах нь тодорхой болсон бөгөөд ерөнхий дүнгээр хоёрдугаарт Дани Педроза, гуравт Кейси Стонер бичигдээд байна.
Ш.Тэргэл