
Нүүрсний үнийн хэрүүлийн улирал эхэллээ. Жижиглэнгийн нүүрсний үнэ тогтвортой байгаа хэдий ч шуудайных нь хэмжээ багасаад байгаа тухай хэрэглэгчид гомдол тавьж байна. Харин дулааны станцуудыг хангадаг уурхайнууд нүүрс олборлож буй зардлаа нөхөж чадахгүй, алдагдалтай ажиллаж байна үнээ нэмье гэсэн гомдлоо холбогдох яамдаа өргөн барьжээ.
Улаанбаатарын гурав, Дархан, Эрдэнэтийн тус бүр нэг дулааны цахилгаан станцууд нэг өвөл 4,5 сая тонн нүүрс хэрэглэдэг. Хэрэгцээний хэмжээгээр тухай бүрт нь уурхайнуудаас нүүрсээ татдаг юм байна. Тэднийг нүүрсээр хангаж, гал таслахгүй байх үүрэгтэйгээр Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайнууд ажилладаг. Тэд нэг тонн нүүрсийг Шивээ-Овоо 13958, Шарын гол 22676, Багануур 18190 төгрөгөөр нийлүүлдэг. Энэ үнээр нэг тонн нүүрс гаргах зардлаа нөхөж чадахгүй байгаа тул үнээ Шивээ овоо 16800, Багануур 24 000, Шарын гол 26300 төгрөг болгоё гэсэн санал гаргажээ.
Эрчим хүчний компаниуд төрийнх, тэднийг түүхий эдээр ханган нийлүүлэгч буюу уурхайнууд ч мөн төрийнх. Аль аль нь суурь үнэ тогтоодог гээд төр гэгч төмөр нүүртэй, бүрэн эрхтэй этгээд цахилгааны ч үнийг, нүүрсний ч үнийг барьчихдаг тогтолцоо өнөөдөр мөрдөгдөж байна. Саяхан нүүрсний үнийн талаар удирдах ажилтнууд зөвлөлдөхдөө нүүрсний үнийг чөлөөлөх боломжгүйд санал нэгдсэн гэнэ лээ. Үнэ чөлөөлнө гэхээр үнэ өснө гэдэг ойлголтыг халж, нүүрсний үнийг чөлөөлчихвөл яасан юм бэ. Тэрбумаар хэмжигдэх нүүрсний нөөцтэй улс юм сан, үнийн талаар баримтлах төрийн бодлого гэж алга. Ямар сайндаа цөөхөн хэдэн уурхайгаа алдагдалтай ажиллуулж, станцуудыг ч хасах зардалтай барьж байна. Энэ дашрамд Монголын газар нутгийн дөрвөн бүсэд дөрвүүлэнд нь нүүрсний арвин их нөөц байгаа гэдгийг саная. Зөвхөн Тавантолгойн ордын нүүрсний нөөц 6,7 тэрбум тонн ба 300-400 жил ашиглахуйц. Багануурын уурхай одоогийн байдлаар 300 орчим сая тонн нүүрсний нөөцтэй. Жилд гурван саяыг олборлодог гээд бодохоор дахин 100 жил ашиглах нөөц юм. Харин дотоодын маань хэрэгцээ ердөө долоон сая тонн.
Нүүрсний үнийг чөлөөлж, өрсөлдөөний хуулиар хямд үнээр нүүрсний хэрэгцээгээ хангах бололцоо манайд байна. Нүүрс олборлогчид зөвхөн Багануур, Шарын гол Шивээ-Овоогоор дуусахгүй шүү дээ. Тендерийн хуулиар сонгон шалгаруулалт явуулж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн уурхайг шалгаруулж станцуудын өвлийн түлшийг бэлтгэж яагаад болохгүй гэж вэ. Зах зээлийн хуулиар нүүрсний үнэ буурах бололцоотой. Уурхайнууд алдагдалтай ажиллахгүй байх нөхцөл бүрдэнэ. Төр нүүрсний уурхай болон эрчим хүч үйлдвэрлэгч хоёр салбарын үнийг барина гэж байхаар зөвхөн эрчим хүчний салбарт дэмжлэг туслалцаа үзүүлж үнэд нь зохицуулалт хийг. Харин нүүрсний үнийг чөлөөлчих.
Б.БЯМБАА