Гадаадын биржүүдээс хувьцаа авч болно

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Гадаадын биржүүдээс хувьцаа авч болно

Монголчууд эх нутгийнхаа баялгийг гадаадын зах дээр зарагдаж байгааг харж сууснаас хувьцаа авч байсангүй. Харин саяхан ХонКонгийн Хөрөнгийн биржид Монголын компани IPO хийхэд монголчууд өөрсдөө мөн энэ хувьцаанаас авчээ. Түүхэнд анх удаа гэгдэх энэ үйл явдлыг “Нортенсек” брокер, дилер, андеррайтерийн компанийнхан гүйцэлдүүлсэн байна. Энэ талаар тус компанийн захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.

-Хонконгийн Хөрөнгийн бирж дээр Монголын компани IPO хийсэн явдлыг дэлхийн хөрөнгө оруулалтын сангууд нэлээд сонирхож байгаа. Харин анхдагч зах зээлд гарсан энэ хувьцаанаас Монголд суугаа иргэд авсан байна. Энэ ажлыг яаж хийснээ ярихгүй юу. Уншигчид маань ч хувьцаа авахыг хүсч байгаа байх?

-Энэ сарын 13-нд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation үндэсний уул уурхайн компани хувьцаагаа гаргаж амжилттай хөрөнгө босгосон нь Монголчууд бидэнд үнэхээр бахархмаар үйл явдал боллоо. Энэ нь Монголын түүхэнд анх удаа Монголын үндэсний компани ийм их хэмжээний хөрөнгө (651 сая ам.доллар) босгож чадсан бөгөөд цаашид бид чадах юм байна гэдэг итгэл, урам зоригийг бусад компанууддаа өгсөн гэж бодож байна.

Манай компани “Нортенсек” Монголын брокер, дилерийн компанууд дотроос анх удаа олон улсын хөрөнгийн биржээс IPO авсан анхны компани болж байгаадаа мөн баяртай байгаа.

Бид энэ IPO-г авах бэлтгэлийг нэлээн эрт эхэлсэн бөгөөд дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкуудтай харилцаа тогтоож, дэлхийн аль ч хөрөнгийн биржээс үнэт цаас худалдан авах, худалдах гарцтай болсон юм. Мөн дотооддоо энэхүү гадаадын хөрөнгийн зах зээлээс харилцагчийн захиалгын дагуу брокерын үйл ажиллагаа эрхлэхийн тулд манай улсын болон гадаад орнуудын хууль, дүрмийн дагуу шаардлагатай баримт бичиг, журам, гэрээний төслийг боловсруулж харилцагчдаа танилцуулж гэрээ байгуулсны үндсэн дээр захиалгыг нээлттэй, ил тод, биелүүлж ажиллаа.

-Хэрвээ нууц биш бол “Энержи ресурс”-ийн хувьцаанаас хэчнээн монгол иргэн хэдийн хэрийн хэмжээний хувьцаа авсан бэ?

-Үндэснийхээ компанийн хувьцаа авах гэсэн хүсэл монголчуудын дунд нэлээн их байсан. Бид үүнд туслах юмсан, гүүр болох юмсан гэсэн эрмэлзэлтэй хичээж ажиллалаа. Түүндээ хүрч чадсандаа их баяртай байгаа. Харин тодорхой тоог хэлж болохгүй яагаад гэвэл энэ маань харилцагчийн нууц бөгөөд энэ нь гэрээнд тусгагдсан байдаг.

-Хувьцаа авсныг яаж баталгаажуулж байгаа вэ?

-Манай компани харилцагч болгонтой хатуу заалттай гэрээ хийж байгаа бөгөөд харилцагч болгонд өөрийн данс нээж өгөн, тухайн дансны хуулгыг нь хүргэж байдаг. Мөн, IPO авсан харилцагчдаа батламж гардуулж өгч байгаа.

-Иргэд хувьцаагаа яаж хянах вэ?

-Дансныхаа хуулгаараа шалгаж болгохоос гадна манай дээр ирээд шалгаж болно.

-Хувьцаагаа хэрхэн ашиглаж, ямар ямар үр дүнг үзэх боломжтой байна вэ?

-Хувьцааг ер нь хоёр зорилгоор худалдан авдаг юм. Нэгт, худалдах зорилгоор өөрөөр хэлбэл худалдан авсан үнээсээ илүү өндөр ханшаар зарж ашиг олох гэсэн үг. Нөгөө нь хөрөнгө оруулалт хийх буюу урт хугацаанд хөрөнгө оруулалт хийж ногдол ашиг авах зэргээр үр ашиг хүртэх юм. 

-975 дугаартай хувьцааны тухай бид уншихаас цаашгүй байлаа. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй болохын тулд маш өндөр шалгууруудыг хангах ёстой байдаг. Үүнд компанитай холбогдолтой бүхий л зүйлээ шалгуулж хянуулах болдог. Үүнд, санхүүгийн тайлангаас эхлээд компанийн бүхий л бичиг баримт, гэрээ, журам, компанийн удирдлагын багын туршлага ур чадвар гээд. Энэ бүх үзүүлэлтүүдийг хангаж ХонКонгийн биржийн Main board дээр гарна гэдэг үнэхээр бахархууштай зүйл.

Бидний гадаад хамтрагчдаасаа олж авсан мэдээллээр манай MMC гадаадын хөрөнгө оруулагчид ихэд сонирхож байгаа бөгөөд анхдагч хувьцааны захиалгын үед бүр илүү санал орж ирсэн байна лээ (over subscription).  Ер нь хэр эрэлттэй хувьцаа болох нь нь эхний гурван өдрийн арилжаагаар харагдаж байгаа. Хөрвөх чадвар ямар сайн байгааг, мөн хувьцааны үнийн өсөлт зөвхөн гурван өдрийн байдлаар бараг 15 хувийн өсөлттэй байсан. Гэхдээ арилжаа маань дөнгөж эхэлж байна, цаашид хэрхэн явахыг одоогоор тааж хэлэхэд хэцүү. Энэ нь компанийн үйл ажиллагаа, манай төр засгаас гадаад хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт явуулах бодлогоос шууд хамаарах байх даа.

-Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер дилерийн компани биржийн арилжаанд оролцох эрхтэй байдаг. Бусад гадаадын биржийн арилжаанд оролцохын тулд манайхтай адилхан брокер дилерийн компани мөн тухайн биржид бүртгэлтэй байх шаардлагатай юу. Тухайлбал, танай компани ХонКонгийн биржийн арилжаанаас яаж хувьцаа авсан юм бэ?

-Манай дотоодын брокерийн компанууд гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд шууд оролцох боломжгүй бөгөөд заавал тухайн орны мөн адил үйл ажиллагаа явуулах брокерийн компаниар дамжиж захиалгаа биелүүлэх болдог. Манай компанийн хувьд бид дэлхийн нэр хүндтэй олон улсын хөрөнгө оруулалтын банкаар дамжиж дэлхийн аль ч хөрөнгийн бирж руу гарцтай байгаа. 

-Гадаадын аль нэг хөрөнгийн биржийн арилжаанаас иргэдэд хувьцаа авч өгнө гэдэг тухайн брокер дилерийн компанийн цаана түншлэгч чухал байдаг юм байна. Түншлэгчийг хувьцаа эзэмшигч сонгох эрхтэй юу?

-Тэгэлгүй яахав. Ер нь манай иргэд гадаадын хөрөнгийн биржээс хувьцаа авахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгт, заавал Санхүүгийн Зохицуулах хорооноос брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байгууллагад хандах. Манай улсын хууль дүрмээр эдгээр байгууллагууд танд тусгай зөвшөөрлөө үзүүлж танилцуулж байж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Ийм эрхгүй байгууллагаар үйлчлүүлээд дараа нь ямар нэгэн асуудал үүсбэл хариуцлагыг та өөрөө үүрэх бөгөөд эсрдэлтэй.

Хоёрт, үйлчлүүлэх гэж буй дотодын брокер компаниа судлах хэрэгтэй. Ямар хамт олон, удирдлагатай  байгууллага болохыг, мэргэжилтнүүд нь урд өмнө хууль бус арилжаа хийж байсан эсэх, шийтгэл хүлээж байсан эсэх, ажлын туршлага дадлага, хувь хүний чанар, дотоодын биржийн арилжаанд хэр зэрэг идэвхтэй оролцдог гэх мэтчилэн. 

Анхаарах бас нэг чухал асуудал цаана нь байгаа түншлэгчийг судлах хэрэгтэй. Онлайнаар хэн ч мэдэхгүй брокероор дамжиж байна уу, эсвэл найдвартай нэр хүндтэй компани байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.
Техник технологийн хөгжилтэй уялдаад орчин үед хэн ч онлайнаар гадаадын брокерийн пүүс дээр данс нээлгэх боломж нь байгаа ч хэнтэй харилцаж байгаагаа мэдэхгүй, ямарваа асуудал үүсэхэд эрсдэл үүсч болзошгүй шүү дээ.

-Монголчууд газар доорх баялгаа гадаадын зах зээл дээр зарагдаад сууж байхыг харж байснаас оролцоод, хэрхэн хувьцаанаас авах тухай төдийлөн ойлголтгүй байлаа шүү дээ. Улаанбаатараас ХонКонгийн эсвэл Лондонгийн биржийн, Нью-Йоркийн биржийн арилжаанаас хувьцаа авах боломж бололцоо хэр байдаг юм бэ. Монголын хөрсөн доорх баялгийг үндэслэн гадаадын биржүүдэд 25 компани хувьцаа гаргаад байна?

-Боломж нь байна. Ийм боломжийг Монголчууддаа бүрдүүлж өгөхийн тулд бид хичээж байна.

-Лондонгийн Хөрөнгийн бирж дээр Монголын газрын тосны баялгаар “Петро матад” компани AIM зах дээр хувьцаа гаргаад байгаа. Үүнд хэрхэн оролцож хувьцаа авч болох вэ?

-Петроматадын хувьцааны хувьд гэвэл өнгөрсөн жилийн яг өдий үетэй харьцуулахад хувьцааны үнэ бараг долоо дахин нэмэгдсэн байгаа. Петроматад бол  гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгүүлсэн анхны үндэсний компани бөгөөд төсөл нь маш амжилттай  хэрэгжиж байгаа компани. Хэрэв хувьцаа авахыг сонирхож байгаа бол манайд хандаж болно.  
Манай компанитай 310262, 9907 1446 утсаар холбогдож болно.

-Хувьцаа эзэмшихийг хүссэн тухайн иргэнээс ямар нэгэн мэдлэг, мэдээлэл шаардах уу?

-Тухайн хүнээс онцгой мэдлэг, мэдээлэл шаардаад байхгүй. Хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээллийг манайх шиг үйл ажиллагаа явуулдаг брокерийн компануудаас авч болно.

-Өнгөрсөн зун Лондонгийн Хөрөнгийн биржид Монголын компаниудын өдөрлөгийг Монголын зүгээс танай компани зохион байгуулсан. Уг арга хэмжээгээр юу болсон бэ, манайханд тустай зүйл гарсан уу?

-Гаралгүй яахав. Манай компани өнгөрсөн жил Улаанбаатарт анх удаа Лондонгийн хөрөнгийн бирж болон Bank of New York Mellon-той хамтран хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох боломжуудын талаар хурал зохион байгуулж байсан. Лондонд болсон арга хэмжээ маань энэ байгууллагатай хамтран захион байгуулсан хоёр дахь үйл ажиллагаа байсан. Лондонгийн Хөрөнгийн бирж өөрөө гол зохион байгуулагч болж арга хэмжээ тус бирж дээр болсноороо онцлог байсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагч нарт Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломжуудыг таниулах, сурталчлахад ихээхэн хувь нэмэр болсон. Энэхүү арга хэмжээнээс манайхан хамтын ажиллагаагаа эхлэх түншээ олсон явдал хэд хэд бий.

Энэхүү арга хэмжээнд манайхаас 45 орчим хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид очсон бөгөөд тал нь төр засгийн байгууллагуудын тушаалтнууд байсан. Дашрамд хэлэхэд, энэхүү арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн О.Чулуунбат гишүүн, ТӨХ, ЭБЭХЯ, Ашигт малтмалын газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар болон хувийн хэвшлийнхэнд талархсанаа дахин илэрхийлъе.
 
-Лондонгийн Хөрөнгийн бирж саяхан Монголын зах зээлийн хоёрдугаар бага хурлыг Монголд зохион байгуулсан байгаа. LSE монголчуудаас яг юу хүсч байна вэ. Хөрөнгийн бижрийн удирдлагыг авах уу, эсвэл Монголын уул уурхайн компаниудын хувьцааг өөрийн бирж дээр арилжаалуулах уу?

-Аль алийг нь.

-Монголын Хөрөнгийн биржийг ХонКонг, Лондонгийн биржийн дайнд хүргэж хөгжүүлэх талаар Монголын Засгийн газраас Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Үүний хүрээнд Монголын Хөрөнгийн биржийн удирдлагыг менежментийг гадаадын багт өгөх гэж байна. Энэ талаар та бодлоо хэлэхгүй юу?

-Өнөөдөр манай хөрөнгийн зах зээлийн хөгжил ямар байгааг хүн болгон мэдэж байгаа. Үүнийг дэлхийн төвшинд хүргэхээ больё гэхэд сайжруулахын тулд бид гадаадынхнаас сурах зүйл их бий. Гэхдээ гадаадынхныг тахин шүтэх биш, авах зүйлийг нь аваад өөрийн орны онцлогт тааруулж, тохируулж зохицуулах явдал нь чухал. 

-Монголын Хөрөнгийн биржийн хөгжүүлэхэд хэний зүгээс  ямар алхам хэрэгтэй гэж та үзэж  байна вэ?

-Хөрөнгийн зах зээлд оролцогч болгон энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд нэгдэж уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Тодруулбал, УИХ, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компанууд. УИХ-аас өнөөдөр нэн тэргүүнд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг өнөөдрийн шаардлагыг хангахуйц төвшинд шинэчлэн найруулж батлах хэрэгтэй байна, мөн энэ зах зээлийн хөгжилд зайлшгүй шаардлагатай бусад хуулийг шинээр батлах, жишээ нь хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэх мэт. Би хувьдаа шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгосноор асуудлын талыг шийдсэнтэй адилхан гэж боддог. Яагаад өнөөдөр дотоодын хөрөнгийн зах зээлийн нэр хүнд унасан гэдэг нь ерөөсөө л хуулийн орчин төгс биш, луйвар хийхэд хуулийн цоорхой ихтэй, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалаагүй зэргээс үүдэлтэй.

Ярилцсанд баярлалаа.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж