Засгийн газрын үнэт цаасыг юунд зарцуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Засгийн газрын үнэт цаасыг юунд зарцуулав

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас гаргасан үнэт цаасны талаарх мэдээллийг сонслоо. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Сангийн сайдад хандан Засгийн газраас гаргасан үнэт цаасыг юунд ашигласан талаар мэдээлэл өгөхийг хүсч асуулга тавьжээ.

Монгол Улсын Засгийн газар нь 2002 оноос хойш нийтдээ нэг их наяд 720,7 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан байна. 2006 оныг хүртэлх хугацаанд Засгийн газраас гаргасан үнэт цаасыг санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ашиглаж ирсэн бол 2007 оноос хойш төсвийн алдагдлыг “нөхөхөд” зарцуулжээ. Мөн дэлхий дахиныг нөмөрсөн 2009 оны санхүү, эдийн засгийн хямрал Монгол Улсын банк санхүүгийн салбарыг бүхэлд нь унагах аюултай байсан тул сайн, муугаар нь ялган, бүтцийн өөрчлөлт хийхэд зориулж,  Засгийн газрын автортой 270 орчим тэрбум төгрөгийн үнэт цаасыг “цацсан” байх юм. Барилгын компаниуд ч санхүү эдийн засгийн хямрал нүүрлүүт орон сууц нь борлогдохоо байж, банкны зээлээ төлж чадахгүйгээс эргээд банкны салбараа унагаах аюулыг давхар даллаж эхэлсэн тул эрэлт тал дээр арга хэмжээ авахаар төлөвлөж Засгийн газраас “4000 орон сууц” хөтөлбөр боловсруулан түүнд зориулан 60 тэрбум төгрөгийн бонд гаргажээ.
Гадаад валютын нөөц их хэмжээгээр багассанаар хар зах дээр ноён доллар эрх мэдлээ зарлан монгол төгрөгийг үнэгүйдүүлж, 1900 төгрөгтэй тэнцэн, зарим өдөр 2000 төгрөгийг давж байсан тул  төв банкны зүгээс алт олборлогчдыг дэмжих шаардлагатай гэсэн санал гаргасны үндсэн дээр мөн Засгийн газраас гаргаж байгаа үнэт цаасны 75 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний бондыг алтны компаниудад зарцуулжээ.

Түүнчлэн улс бүр санхүү эдийн засгийн хямралтай тэмцэн амиа яая даа гэж самгардаж байсан тул Монгол Улсын Засгийн газар, Монголбанк Олон улсын валютын сантай хамтран “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх амлалт авч,  түүндээ хүрэхийн тулд мөн л төрийн автортой үнэт цааснаас амь тариа шахаж ирсэн бололтой юм.  Харин эдгээрээс хамгийн амжилттай үр дүнгээ өгсөн гэж хэлж болохуйц үнэт цаас бол төрийн албан хаагчдыг орон сууцжуулах зорилгоор  “4000 орон сууц” хөтөлбөрт зориулан гаргасан үнэт цаас аж. Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалж байсан Засгийн газраас гаргасан дээр дурдсан олон бондуудаас хамгийн их эрэлттэй, ханш нь өндөр авч толгой цохиж байсан нь “4000 орон сууц” хөтөлбөрийнх гээд бодохоор ямар их эрэлт хэрэгцээ цаана нь байсныг илтгэх биз. Хөтөлбөрийн үр шимийг ч олон монгол хүртсэн. Хадмын хаяа, халаасны өрөө, айлын хашаанд гэр барин амьдарч байсан олон мянган монголчууд одоо орон сууцандаа орчихсон, хоёр дахь ээлжийнхэн дараагийн хөтөлбөр хэзээ хэрэгжих бол оо гэж чих тавин чагнаж сууна.

Харин бусад салбарт зарцуулсан зарим нэг бондын тухай өгүүлбэл сайн юм дуулгасангүй. Ямар ч байсан “Анод” банк дампуурснаар Засгийн газрын 170 тэрбум төгрөгийн бондыг авч салжээ. Мөн Зоос банкийг сайн муугаар нь ялгах явцад, Төрийн банк болгон бөөцийлөхөд хөрөнгийн эх үүсвэр дутаж байсан тул 100 тэрбум төгрөгийн үнэт цаасны эрх авснаасаа гурван удаагийн арилжаагаар 67 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, дэмжлэг үзүүлсэн юм байна. Төрийн банкны хувьд түүнийгээ улсад эргэн төлнө гэж байгаа, ингэхдээ хувьчилсан нөхцөлд түүнээс олсон орлогоор шархыг нь нөхнө. Нэг бодлын үүнээс горьдлого тээж болно.

“Анод” банкны хувьд бол эргэлзээтэй, тус банкийг дампууруулахад том үүрэг хүлээсэн гэх зээлдэгч нарын барьцаа хөрөнгөөр Засгийн газраас гаргасан бондыг буцаан төлж, улсыг хохиролгүй болгоно гэж энэхүү үнэт цаасыг УИХ-аар батлуулахдаа Монголбанкны ерөнхийлөгч ам өчиг өгч байсан ч, одоо бол өнгөрсөн хорвоо болж, татвар төлөгчийн нуруун дээр л бууж буй юм шиг байна билээ. Засгийн газраас гаргасан үнэт цаасны зах зухаас өгүүлэхэд иймэрхүү л дүр зурагтай байна даа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж