Монголчууд төсвөө зэсээр хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Монголчууд төсвөө зэсээр хийж байна

Цахилгаан, дулаан дамжуулах чанараараа алт, мөнгө нь зэсээс илүү ч галд тэсвэртэй, зэвэрч мууддаггүй, бат бөх зэсийг хөгжингүй орнууд электроникийн үйлдвэрлэлээс гадна усан онгоцны хитэгнээс эхлээд мэс заслын багаж хийхэд ашиглаж байна. Харин Монгол Улс зэсийг төсвийн орлогоо бүрдүүлэхэд л ашигладаг юм.  Монгол Улсын төсвийн орлогынхоо талаас илүү хувийг “Эрдэнэт” үйлдвэрээс буюу гадаад зах зээлд гаргасан зэсийн баяжмалаасаа олж буй юм. Энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улс 400 мянган тонн зэс экспортолсон нь 540 сая ам.долларт хүрчээ. Уг нь шувтарч байгаа 2010 оны төвлөрсөн төсвийг анх зохиохдоо нэг тонн зэсийн үнийг 4800 ам.доллар байхаар тооцож, УИХ-д өргөн мэдүүлж байлаа. Гэтэл УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд зэсийн үнэ дээшээ цойлмогц тонныг нь 5800 ам.доллараар тооцон орлогоо нэмж баталсан юм. Төсөв батлаад удаагүй байхад дахиад зэсийн үнэ өсч 8000 ам.доллар болсон учраас төсвийн орлогодоо 7500 ам.доллараар тооцон төсвөө тодотгоход хүрсэн. Тэгж байтал зэсийн үнэ уруудаж, тавдугаар сар гэхэд 6800 ам.доллар болсон тул дахиад л төсвийн орлогынхоо тооцоог тодотгоход хүрсэн юм.

Харин ирэх онд зэсийн үнийг 8425 ам.доллар байхаар тооцон төсвийн орлогоо тогтоохоор УИХ хэлэлцэж байна. Зэсийн үнийг ийнхүү өндрөөр тооцож, үүндээ найдан зарлагаа төлөвлөөд эхэлжээ гэсэн үг. Сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ өсч байгаа нь үнэн. Сарын өмнө ханш нь 7500 ам.доллар байсан зэс өнгөрсөн долоо хоногийн дундуур 8000 ам.доллар давсан юм. Цаашид ч өсч, 9000 ам.долларт хүрч болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Гэхдээ үүнд найдах нь осолтой, учир нь дэлхийн зах зээлийн ханш биднээс хамаарахгүй хувьсдаг хүчин зүйл. 2008 оны долдугаар сард 9000 ам.долларт хүрч байсан зэсийн үнэ доошилсоор 2770 ам.долларт хүрч байсан билээ. Энэ үед зэсээр төсвөө хийдэг Монголд хүндрэл үүсч, эрх баригчид “луйвар” хийхээс бусад арга саамыг хайхад хүрсэн юм. Энэ зовлонгоо эрх баригчид мартжээ.

Зэсийн үнийн өсөлт, бууралтаас хамаараад 2010 оны төсвөө гурав ч ахиад тодотгосон Сангийн сайд өнгөрсөн хавар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталчихвал төсвөө дахин дахин тодотгоод байх шаардлагагүй болно гэж тайлбарлаж байсан юм. Уг хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар батсан төдийгүй ирэх оны төсвөө мөн хуулийн хүрээнд зохиосон гээд байгаа ч бодит байдал арай өөр зүйлийг өгүүлж байна. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлж байгаа ашигт малтмалын үнийг тухайн жилийн зах зээлийн ханшаар биш ОУВС, “Bloomberg”-ийн үнийн төсөөллийн дунджаар тогтоож байхаар тогтсон юм. Одоохондоо төсвийн гурваас дээш хувийн орлогыг бүрдүүлж байгаа түүхий эд нь зэс, нүүрс. Тэгвэл “Bloomberg”-ийн 2010-2013 оны зэс, нүүрсний үнийн төсөөллийн дунджаар тооцоход зэс 5983 ам.доллар, нүүрс 98.8 ам.доллар болж буй юм. Тэгэхээр бид 2011 оны төсөвтөө зэсийн үнийг 8425 ам.доллараар биш дээрх дунджаар тооцоолох ёстой юм биш үү, эрхэм гишүү дээ?     Төсөв хэлэлцэж байгаа энэ үед зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн таатай мэдээгээр гул бариад маш өндөр ашиг олохоор төсөвтөө тусгачихаад дараа нь үнэ буурсан үед шилээ маажаад зогсох вий дээ. Уг нь айл гэр, улс орны зарлага нь олсон орлогоосоо хамаарч байх ёстой. Харин монголчууд бид л агнасан, агнаагүй баавгайн арьсыг урьтаж хуваагаад сурч буй хүмүүс. Ирэх онд Хүний хөгжлийн санд нийт 320 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, энэ оныхоос 470 тэрбумаар илүү буюу 805 тэрбум төгрөгийн зарлага гаргахаар төсөвлөжээ. Нийт 805 тэрбум төгрөгийг  Монгол Улсын иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг олгож, төрөөс хариуцах эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамжийг санхүүжүүлж, 160 мянга гаруй оюутанд тус бүр 500 мянган төгрөг олгоход зарцуулах юм байна. Төсвийн орлогоос санхүүжүүлэх зарлага энэ хэдэн цэсээр тогтохгүй нь ойлгомжтой. Зарлага гаргах сэдэв мундахгүй, харин орлого л хязгаартай. Ядаад орлогоо бодитой тооцоолж байж, зарлагын цэсээ жагсаах хэрэгтэй байх аа.

Төсвийн орлогын 30 хувийг бид татвараар, талаас илүүг нь зэсийн баяжмалаас төвлөрүүлж байна. Тэгэхээр бид төсвөө төгрөгөөр, тоогоор биш зэсээр хийж байна гэсэн үг. Уг нь зэсийн үнийг үнийн төсөөллийн дунджаар тогтоож, зах зээл дээр түүнээс өссөн тохиолдолд орлого нь Төсвийн тогтворжилтын санд ордог байхаар хуульчилсан. Тэгээд ч зогсохгүй Төсвийн тогтворжилтын санд төвлөрүүлсэн хөрөнгө Дотоодын нийт бүтээгдэхүүний таваас доошгүй хувьтай тэнцэж байх ёстой ч 2018 он гэхэд л энэ хэмжээнд аваачна гэж Засгийн газар тайлбарлаж байна. Чилийн эдийн засгийн бүтэц манайхтай ойролцоо, товчоор бол зэс экспортын орлогоо голлодог. Тэднээс авч хэрэгжүүлэх гээд байгаа туршлага нь энэхүү тогтворжилтын сан юм. Зэсийн үнэ өндөр байх үед олсон орлогоос уг санд төвлөрүүлж, зэсийн үнэ унаж төсөвт тооцоолсноос багассан үед түүнээс зарцуулдаг Чилийн туршлага 2018 оноос нааш манайд хэрэгжихгүй нь бололтой.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж