Ялалтаас үнэтэй ялагдлын тухай

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Ялалтаас үнэтэй ялагдлын тухай

Яагаад ч юм бэ, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяатууд ялалтын тухай л ярих байх гэж бодсон юм. Гэтэл бараг эсрэгээрээ. Ялагдлын хажууд ганцаараа зогсч байхдаа л тэд зорилгоо олж, өөрсдийгөө нээсэн гэлтэй.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар нар  гурав дахь лекцээ Улаанбаатар хотод тавьж байгаа нь энэ. Тасалбар худалдаж, танхим дүүрэн сонсогч цуглуулсан тэдний яриа юун тухай байсныг та гадарласан байх. Өрсөлдөгчдөө биш өөрсдийнхөө тухай, ялалтын амтыг биш ялагдлын үнэ цэнийг өгүүлэх тэдний яриа цааш үргэлжилнэ…

Нулимсаар төгссөн анхны тэмцээн

Анхны тэмцээн нь нулимсаар дуусаагүй бол Э.Бадар-Ууган хэн болсон байх бол? Гудамжныхаа жаалыг зодон, хэрэг мандаасан хүүг аав, ах хоёр нь боксын секцэнд аваачиж өгчээ. Би боксын секцэнд явж байгаа юм чинь бүр мундаг зодолддог болно гэж хөөрч явсан хүү анхны тэмцээн дээрээ ялагдчихжээ. Арга ч үгүй биз, секцээ олон сараар тасалсан юм чинь… Ангийнхнаа, найз нараа бүгдийг нь тэмцээн дээрээ урьсан хүү аавыгаа үзэгчийн суудалд сууж байгааг мэдээгүй аж. Хэдийгээр эмчийн дүгнэлтээр тэмцээнийг зогсоож, ялалтыг нөгөө талд өгсөн ч гэлээ ялагдсан л бол ялагдсан. Тэгээд шүүгч өрсөлдөгчийнх нь гарааг дээш өргөх мөчид аавыгаа үзэгчийн суудалд өөрийнх нь цүнхийг бариад сууж байгааг харжээ. Аавыгаа хараад тэсгэлгүй, бүр биеэ барьж дийлэлгүй эхэр татаад уйлж байснаа одоогийн олимпийн аварга маань мартдаггүй гэнэ. Яагаад гэвэл тэр нулимс түүнд зорилгыг нь олж өгсөн болохоор аргагүй байх л даа. Тэр өдрөөс хойш хүү хичээл тараад тоглох завгүй болжээ. Шархадны эцсийн буудлаас Спорт сургалтын төв хүрэх арван хэдэн буудал газарт ирж очиход өдрийнх нь ихэнх цаг зарцуулагдах болсон учраас. Хожим  2004 оны олимпийн эрхээс шүүрээд алдахдаа яг тийм ухаарлыг амссан юм. Өөрийнх нь өрсөлдөгч дараа нь шилдгүүдтэй ана мана үзэлцэхийг хараад “би яагаад” гэж бодсон гэдэг.  Мөн 2007 оны Дэлхийн аваргаар алтын төлөө тоглоод хоёр оноогоор ялагдахдаа бас “Ухаарал”-тай нүүр тулсан. Ялсан хүн юм боддоггүй, ялагдсан хүн л ухаардаг гэдгийг ойлгуулсан ийм мөчүүд түүнд зөндөө байсан. “Бүх юм надаас хамаарна, чиний зорилго чиний л гарт байгаа” гэдгийг ойлгуулах гэж ялагдал ирдэг. Энэ бүхнийг өгүүлж зогсохдоо танхим дүүрэн үзэгчийн өмнө Ууганаа сандарсан. Бишгүй ялж, ялагдаж үзсэн хэрнээ тэр олон нүд өөртэй нь ярилцаж байгааг хараад тэвдсэн гэдгээ нуугаагүй юм.

Саах үнээгүй болсон Цагаанаа

1995 оноос бөхөөр хичээллэж эхэлсэн Х.Цагаанбаатар анх 2000 онд гадаадад тэмцээнд явах эрх авчээ. Якутад болох Самбо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд явах зардал олох гээд Дарханы Засаг даргын үүдийг сахиад сууж байхдаа дотроо юу бодож байснаа одоо ч санадаг. Дарханаас уг тэмцээнд явах хоёр хүүдийн нэгийнх нь зардлыг аймгийн удирдлагууд шийдэж өгөөд өөр боломж алга, өөрсдөө аргалаарай гэсэн хариу өгчээ. Тэгэхэд Цагаанаа “Би заавал улсын зардлаар гадаад явдаг тамирчин болно доо” гэж өөрөө өөртөө андгайлсан нь түүнийг өдий зэрэгт авч яваа ч байж магадгүй юм.  Тэр тэмцээнд явуулах гээд аав, ээж хоёр нь үнээгээ зарсан гэдэг. Ингээд Цагаанаа саах үнээгүй болсон ч тэмцээнд явжээ. Үнээ зарсан мөнгө мэдээж зардлыг нь бүрэн шийдээгүй, сургуулийнх нь хүүхэд бүрээс цуглуулсан хандив нэмэр ч болсон гэдэг. Тэгэхэд бас олны хүч оломгүй далай гэдгийг ухаарч, бусдын өмнө хариуцлага хүлээж байгаагаа ойлгожээ.
Үхэрчин хүү дэлхийд данстай тамирчин болсон хойноо ч ухаарах, гэмших олон мөчтэй нүүр тулсан юм. 1460 хоног биеэ бэлтгэж хүлээсэн Бээжингийн олимпод явахынхаа өмнө хавиргаа хугалж бэртсэн тэр өдрүүд. Хавиргаа биш сэтгэлээ гэмтээсэн юм шиг шаналж байхдаа, ялагдчихаад үзэгчийн суудалд сууж байхдаа “Унаад босч ирж байгаа нь илүү хүчтэй байдаг юм” гэж хашгирмаар болсноо тэр энэ өдөр дурсав.

“Эмнэлгийн орон дээр мөрөөдлөө хүлээж хэвтсэн”

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатарын хувьд 2005 он маш хатуу байсан юм. Нэг өдөр бие нь тавгүйрхээд эмчид үзүүлтэл зүрх нь өвдсөн, дахиад барилдах боломжгүй ч байж магадгүй гэсэн онош сонсчээ. Тэгээд тэргэнцэр дээр суугаад сэхээний тасагт хүргэгдэв. Эмнэлгээс гараад нэг их удаагүй байтал гахай хавдар тусчээ. Удтал эмнэлэг дамжиж, эм тан эргүүлдсэн тэрбээр тэр жилдээ бэлтгэлгүй шахам Улсын аваргын тэмцээнд ороод мөнгө медаль хүртсэн юм. Тэр үед л түүнд мөрөөдөл төрсөн гэдэг.
Хөвөнтэй хүрэм, эсгий гуталтай жаахан хүү Биокомбинатаас Улаанбаатар руу бөхийн секцэнд явах гэж зам дагаад алхдаг байснаа, самар жимс түүж зараад аав, ээждээ дэм болдог байснаа тэр ярих дуртай. Яах гэж, юуны тулд тэгж тэмцдэг байснаа тэр одоо тайлбарлаж чадна. Өөрөө өөрийгөө ялах гэж, мөрөөдөлтэй болох гэж тэгж тэмцсэн.

Бээжингийн олимпод тааруу барилдчихаад өөртөө гэмшиж, шаналж байхдаа ялагдлын дэргэд өнчирч зогссоноо тэр хэзээ ч мартахгүй байх. Тийм ч болоод хүүхэд, залууст зориулсан лекцэндээ үүнийгээ зориуд дурссан биз ээ…
“Амжилтын төлөө хамтдаа” хэмээх төрийн бус байгууллага байгуулж, хүүхэд залуус руу чиглэсэн, нийгмийн сайн сайхны төлөө олон ажил сэдэж байгаа Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нар “Амжилтын төлөө хамтдаа” нэртэй гурав дахиа лекц зохион байгуулаад байгаа нь энэ. 

Өөрийгөө ялсны дараа өрсөлдөгчөө дийлж болно. Өөрөө өөрийнхөө хувь заяаг хөтөлсний дараа эх орноо гэх сэтгэлтэй болно. Эх орноо гэх сэтгэлтэй хүнд эрхэм гоёл нь Монгол минь байх болно гэсэн тэдний зорилго олон олон Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Б.Наранбаатарыг төрүүлэх биз ээ.

З.БОРГИЛМАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж