
Монгол Улсын хилээр их хэмжээний алтыг хууль бусаар Солонгос улс руу гаргах гэж байсан 13 Солонгос иргэнийг өнгөрөгч пүрэв гаригийн шөнө тагнуулынхан саатуулсан талаар мэдээлж байсан. Хэрэг мөрдөн байцаалтад очсон учир тэдний ямар зорилготой ирсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэв. Гэхдээ сарын өмнө ажлын шугамаар ирсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна. Тэдгээр иргэдийг шулуун гэдсэндээ алт нуун гарах гэж байсныг улсын хилээр нэвтрэхэд шалгах мэдрэгч төхөөрөмж илрүүлээгүй аж. Харин тагнуулынхан мэдээлэл авч илрүүлсэн гэдгээс харахад өмнө нь энэ төрлийн хууль бус үйлдэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн хилээр нэвтрэхэд шалгах металь мэдрэгч нь олон улсын стандартаас хоцрогдсон гэдэг нь дээрх бодит хэргээс харагджээ.
С.Отгон