
Италид ерөнхий сайд Сильвио Берлусконийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай Agence France-Presse мэдээлж байна. Прокурор түүнийг татвар төлөөгүй гэж сэжиглэжээ.
Хуулийн хяналтын байгууллагаас гаргасан шийдвэр нь 2003-2004 онуудын татварын мэдүүлэгтэй нь холбоотой бөгөөд хэдэн жилийн өмнө эхлүүлсэн Mediaset холдингийн үйл ажиллагааны мөрдөн байцаалтын хэсэг ажээ.
Wall Street Journal сонинд тэмдэглэснээр Mediaset компани мэдэгдэл хийж, ерөнхий сайдад үүсгэсэн хэрэг нь өмнөх хэргүүдийг хуулсан ял гэв. Холдинг онцолсноор шинэ мөрдөн байцаалт нь Mediaset менежментыг хөндөөгүй ажээ. Холдингийг ерөнхий сайдын хүү Пьер Сильвио Берлускони удирддаг юм байна.
Италийн ерөнхий сайдад өмнө нь 2006 онд татвар төлөөгүй гэсэн ял тулгаж байсан ба түүний хамт өмгөөлөгч Дэвид Миллз ба Mediaset компанийг толгойлж байсан Феделе Конфалоньери (Fedele Confalonieri) нар хэргийг хамт туулсан юм. Мөрдөн байцаалтаар тэд оффшороор дамжуулан Америкийн кинонуудыг үзүүлэх эрхийг аваад Mediaset компанид үнийг нь бууруулан худалдаж байсан гэдэг. Миллз ерөнхий сайдаас авлига аваад шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэж яллагдаж байсан юм. Түүнийг өнгөрсөн жил дөрвөн жил хагас хоригдох ялаар шүүх шийтгэсэн боловч хэргийн хугацаа өнгөрсөн гээд шүүх шийдвэрээ цуцалжээ.
Италийн ерөнхий сайд, Конфалоньери хоёр тэр удаа шийтгүүлээгүй өнгөрсөн билээ. Берлускони шүүх хурлыг хойш татсаар 2008 онд парламентын сонгуульд оролцогч гээд дархлаа авсан байв. Өнгөрсөн жил Үндсэн хуулийн шүүх ерөнхий сайдыг халдашгүй дархан эрхийг цуцалсан учир шүүх ажиллагаа дахин эхэлжээ.