Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 17

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Аравдугаар сарын 17-ны баяр

    Ядуурлыг устгах тэмцлийн олон улсын өдөр
    Ядуурлыг устгах тэмцлийн олон улсын өдрийн (International Day for the Eradication of Poverty) түүх нь 1987 оны энэ өдөртэй нягт холбоотой. Тэр өдөр 100 мянга гаруй хүн, Хүний эрхийн түгээмэл тунхагт 1948 онд гарын үсэг зурсан Парисийн Трокадеро талбайд цугларан ядуурал, хүчирхийлэл, өлсгөлөнгийн улмаас амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн хамтарсан хүчээр тэр эрхийн төлөө тэмцэх ёстой гэсэн байлаа. Тэр өдрөөс хойш нийгмийн янз бүрийн давхарга ба үзэл бодолтой хүмүүс жил бүрийн энэ өдөр цугларан ядуустай дуу хоолойгоо нэгтгэх болсон юм. Олон оронд цугларч байх газартаа дурсгалын чулуу босгосон ба нэг тийм чулуу НҮБ-ын төв байрны цэцэрлэгт байдаг. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оны арванхоёрдугаар сарын 22-ны тогтоолоор аравдугаар сарын 17-нд Ядуурлыг устгах тэмцлийн олон улсын өдрийг тэмдэглэж байхаар тогтоож өгчээ.

    Герман дахь Кирмес
    Баяр нь энэ өдрөөс хоёр долоо хоногийн өмнө газарт шил дарстай хамт булсан Кирмесийн мануухайг ухан гаргаснаар эхэлдэг гэнэ. Дараа нь түүнийг хот тосгоноор зөөн авчраад тууз, жимс, ногоогоор чимэглэсэн модны оройд бэхлэн ном мөргөл уншиж, хооллоод түүнийг тойрон бүжиглэдэг. Бүжиглэж буй хосууд баглаа цэцгээр шидэлцэж байгаа буун дууны дохиогоор тэр баглааг авсан хос нь амттанаар шагнуулдаг. Дараагийн өдөр нь бүгд эцэг, эх, хамаатан садныхаа булшийг эргэн тойрдог. Гурав дахь өдөр нь Кирмесээ оршуулдаг. Энэ шог наадам нь жилийн ургацын баярын бэлгэдэл бөгөөд Кирмесийн баярыг хэдий чинээ баяр баясгалантай тэмдэглэнэ, ирэх жилийн ургац төдий чинээ сайн байна гэж үздэг ажээ. Кирмесийг оршуулснаар муу зуршил, гай гамшгаасаа салж буй нь тэр гэнэ.

    Үйл явдал

    Витус Беринг Петропавловск-Камчатский хотыг үндэслэв
    1740 он: Витус Берингийн Камчаткийн хоёр дахь аяныхан Петропавловск-Камчатский хотыг үндэслэжээ.

    Витус Ионассен Беринг
    Берингийн Камчатскийн анхдугаар аян анхны шинжлэх ухааны экспедици байсан ба 1729 онд төгсчээ. Энэ аянаар далайн баруун эргийн 3500 км-ын зургийг багаж төхөөрөмжөөр гаргасан бөгөөд Беринг Азийн зүүн-хойд эргийг нээжээ. Тэрээр 1733 онд Камчатскийн хоёр дахь аяныг толгойлох үүргийг түүнд өгсөн ба Витус Беринг ба Алексей Чириков хоёр Сибирийг туулан Камчатскт ирээд тэндээс Хойд Америкт очин эрэг хавийн судалгаа хийх ёстой байв. Мартын Шпанбергт Курилийн арлуудын зургийг гаргаад Японд хүрэх замыг олох тушаал өгсөн байлаа. Өөр хэдэн отрядууд Оросын эргийн зургийг Чукотка хүртэл бүтээх ёстой байсан юм. 1740 онд «Святой Пётр» ба «Святой Павел» гэсэн хоёр хөлгийг тоноглож аваад Берингийн баг Камчатскийн Авачины хошууны тохойд өвлийг өнгөрөөсөн бөгөөд түүнийгээ хөлөг онгоцнуудынхаа нэрийн дагуу Петропавловск гэж нэрлэсэн ба тэнд хотын суурийг тавьжээ. Үүнээс Камчатскийн нийслэл Петропавловск-Камчатский хотын түүх эхэлдэг.

    Анхны Cadillac үйлдвэрлэгдэв.
    1902 он: Авьяаслаг зохион бүтээгч  Генри Мартин Лиландын буянаар Cadillac төрсөн юм. Тэрээр Фордын хамт 1902 онд Cadillac Motor Car Company компани байгуулж, түүнийгээ Луизиана мужийн захирагч ба Детройд хотыг үндэслэгч, маркиз  Антуан де Кадийякийн нэрээр овоглосон байв.  Тэр жилийн энэ өдөр “А” загварын анхны Cadillac бэлэн болсон байжээ. Жилийн сүүлээр тэр өөр хоёр машиныг угсарч гурвууланг нь Нью-Йоркийн 1903 оны автосалон дээр тавьсан байлаа. Салон хаагдах үеэр компани 2286 машины захиалга авсан байв. Машин нь цагт 48 км-ын хурдтай, 750 долларын үнэтэй байлаа. Нэмэлт төлбөр хийвэл өөр хоёр суудал нэмсэн, хураагддаг зөөлөн дээвэртэй машин авч болох байв. Гучаад оны Cadillac техникийн ба тансгийн бэлгэдэл болсон бөгөөд 1933 онд урд дугуйны бие даасан байрлал, 1941 онд  хурдны автомат гидро дамжуулалт, салхивчийн систем ба баруун хойд гэрэл дор эх биед далдалсан шатахууны сав зэрэг  шинэ технологийг ашигласан байв. Дайны дараа Cadillac дэлхийн шилдэг авто болохоор зүтгэсэн ба 1953 онд дээд зэрэглэлийн премиум машин хийгдсэн байв. Урд шил нь бүрэн дэлгэмэл болсон байснаас гадна чийдэнгүүд нь саравчтай хийгдсэн байна. Компани 1964 онд гурван сая дахь машинаа үйлдвэрлэсэн байлаа. Техникийн шинэ ололтуудаас загвар бүр нь тоноглогдож байв. 1979 онд дизелийн Cadillac үйлдвэрлэгдэж эхэлжээ. Энэ машины тусгай загваруудыг ерөнхийлөгч нар унадаг.

    Калифорнийн газар хөдлөлт
    1989 он: АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотын түүхэнд байгаагүй 7,1 баллын (Рихтерийн шаталбараар) хүчтэй газар хөдлөлт болж, ихээхэн сүйрэл авчрав. Бараг 100 хүн амиа алдаж, хохирлын хэмжээ нь 10 тэрбум доллар болсон байлаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж