
Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин амилах гэж байна. Энэхүү гайхалтай балетыг манай улсад анх 1979 онд тайзнаа тоглож байжээ.
А.Аданы “Жизель” нь балетын төгс хэлбэрийг олсон гэж үздэг бөгөөд тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони пуанты буюу /хуруун дээр/ гарч бүжиглэжээ. Мөн бүжгийн хөдөлгөөн ялангуяа үсрэлтүүд хөгжиж боловсронгуй болж, бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг болсон байна. Энэ удаагийн А.Аданы “Жизель” балетыг театрын үзэсгэлэнт хун Б.Саруул гоцлох юм.
М.Дөл