
Үйл явдлыг цухас тоочвол, 1949-1991 оны хооронд тухайн үеийнхээр бол БНМАУ ЗХУ-ын Засгийн газраас 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн зээл авсан байжээ. Хүүг нь 1:1 ам доллараар тооцуулахаар болсон. Тодруулж хэлбэл, үүний 9.6 тэрбум төгрөг нь үндсэн өр, 2.2 тэрбум төгрөг нь хүү байсан аж. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2003 онд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхий сайд байсан С.Касьяновтой хэлэлцээ хийн, улмаар харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, 11.4 тэрбум төгрөгийн шилжих рублийн өрийг шийдвэрлэхээр болжээ. Гэхдээ энэн дотроосоо “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой 260.3 сая шилжих рублийн өрийг шууд чөлөөлсөн бол бусдыг 97.8 хувиар хөнгөлөөд, 2.2 хувийг төлсөн байна. Харин энэ гэрээтэй холбоотойгоор “Монголросцветмэт нэгдэл”-тэй холбоотой 124.6 сая шилжих рублийн өрийг хүүгийн хамт 2003 онд багтаан шийдэх ёстой байжээ. Гэтэл дээр заасан хугацаанд шийдээгүй юм байна. Харин Монгол Улсын Засгийн газар 2009 оны есдүгээр сар хүртэл буюу ОХУ-ын ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлах хүртэлх хугацаанд энэ их өрийн асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн ойлголттой байжээ. Тэгтэл айлчлалын өмнөхөн Оросын талаас “Монголросцветмэт нэгдэл”-тэй холбоотой их өрийн үлдэгдэл бүрэн шийдэгдээгүй байгаа тул эцэслэн шийдвэрлэх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлсэн аж. Улмаар хоёр улсын Ерөнхийлөгч нарын ганцаарчилсан уулзалтын үеэр “Энэ өрийг хоёр сарын дотор багтаан шийдвэрлэх ёстой” гэж үзсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч энэ асуудалд байр сууриа илэрхийлэхдээ “Хоёр орны эдийн засгийн харилцаанд хүндрэл учруулж байна” хэмээжээ. Мөн энэ асуудалтай холбоотойгоор 2009 оны аравдугаар сард Станбул хотноо болсон Олон улсын валютын сангийн Дэлхийн банкны захирлуудын хурал дээр ОХУ-ын Сангийн дэд сайд “Монгол Улс ОХУ-д төлөх ёстой 180 сая рублийн өрөө шийдээгүй байгаа” гэсэн мэдэгдлийг ч хийж амжсан аж. Дээрх мэдэгдлийн дараагаар Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын Сангийн сайдтай тухайн ондоо багтаан гурван ч удаа хэлэлцээ хийжээ. Үүний үр дүнд Монросцветмэттэй холбоотой 162 сая ам долларын өр, клирингийн өр 10 сая ам.доллар, нийт 172.5 сая ам долларын өрийг их өрийн зарчмаар буюу 97.8 хувийг хүчингүй болгуулж, үлдсэн 3 сая ам.долларын өрийг төлөхөөр хэлэлцээ хийн, хоёр орны Сангийн сайд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Одоо үүнийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталгаажуулах аж. Мөн саяхан хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар эл асуудлыг авч хэлэлцээд дэмжин баталсан юм байна. Ингэснээр “Монголросцветмэт нэгдэл”- тэй холбогдох өр одоогоор Монголын талд ашигтайгаар шийдвэрлэгдэж буй ажээ.