“Mongolian Music Video Awards” өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

“Mongolian Music Video Awards” өнөөдөр болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Шинэ үеийн хөгжмийн видео клипний шилдгийг торуулдаг “Mongolian Music Video Awards” наадам өнөөдөр 17.00 цагт Соёлын төв өргөөнөө улаан хивсний ёслолоор эхэлнэ. Долоо дахь жилтэйгээ золгож буй наадам “Mongolian Music Video Awards” нэрээр зохиогдох болсон бөгөөд энэ жил 15 номинацид уран бүтээлчид өрсөлдөнө. Энэ жилээс эхлэн “Электро уран бүтээлчдийн шилдэг клип” номинаци нэмэгдсэн юм.

     Рок, поп, видео клипний урлагийнхны энэ намрын чуулганд 40 гаруй студи, продакшны 120 орчим видео клип ирсэн бол, өнгөрсөн жилээс нэмэгдсэн “Сонирхогчдын шилдэг видео клип” номинацид арав гаруй сонирхогчийн бүтээл иржээ.

    Жил бүр мэргэжлийнхэн болон үзэгчдийн анхаарлын төвд байдаг нэг чухал асуудал бол шүүгчдийн бүрэлдэхүүн юм. “Mongolian Music Video Awards” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд МҮОНТВ-ийн захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, NTV телевизийн продюсер, кино судлаач Д.Түмэн-Өлзий, “Freeline” студийн захирал, зураглаач Ц.Гансэрээ, найруулагч Р.Тулга, шог зураач С.Цогбаяр, “Гэсү” дизайны студийн захирал, зураач Г.Ганбаатар, Аригу видео компанийн захирал, продюсер Л.Ариунбат, нар ажиллаж байгаа юм байна.

    Наадам нэг талаар шагнал гардуулах ёслол боловч нөгөө талаар шоу тоглолт байж, тэр жилийн хамгийн өнгөтэй бүхнийг үзүүлдэг гэдэгтэй үзэгчид санал нийлэх биз ээ. Уран бүтээлчид ёслолын ажиллагаанд зориулж шинэ содон тоглолтыг бэлтгэж, тайзнаа анхны гэх тодорхойлолттойгоор хүргэдэг юм.
    Тус наадмыг зохион байгуулагчид, үзэгчдээс наадмын зүгээс тасалбарт заасны дагуу “ёслол”-ын хувцас өмс, Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийнхан, видео клип бүтээгчидтэй эн зэрэгцэн оролцохыг хүсч байгаа ажээ.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж