
Чилийн Сан Хосе уурхайд болсон нуралтын улмаас 33 хүн хоёр сарын хугацаанд 700 метрийн гүнд боогдсон билээ. Эдгээр 33 уурхайчныг аврах ажиллагаа болж дэлхийд нэлээд шуугиан тарив. Чилийн дуулиантай зэрэгцээд Монголд хариуцсан яам нь, компанийн нэгдлүүд нь, Засгийн газар нь, гадны хөрөнгө оруулагчид, дэлхий нийт Монголын уул уурхайн ирээдүйн талаар ярилцаж, анхаарлаа хандуулж эхэллээ. “Бид Чилийн эдийн засгийн загварыг судалсан. Тиймээс бид Чилийн араас явж байгаа” гэж Монгол улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нэгэнтээ хэлж байсан. Мөн тэрээр “Чилд болсон ослоос бид их зүйл суралцах ёстой” хэмээн нэмж хэлсэн байна. Атакамын цөлөөс нүргэлж эхэлсэн баярын уухай, Чилийн гудамж бүрээр цуурайтаж байсан энэхэн мөчид Монголын ард иргэд уул уурхай нь хөгжсөн, дэлхийн хамгийн хөгжилтэй улс болохыг хүсэж мөрөөдсөөр. Гэхдээ Монгол дэлхийн хамгийн баялаг муутай орон болох ирээдүй ойрхон байна.
“Баялаг илэрч болно, түүнийгээ хэрхэн өөртөө ашигтайгаар ашиглах вэ, уурхайчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг бол хамгийн том асуудал. Бид үүнийг их л ярьдаг, даанч бодит байдал дээр болдоггүй” гэж Их Британы “Майнин Журнал” сэтгүүлийн эрхлэгч Крис Хинде нэгэнтээ хэлсэн байдаг. Мөн тэрээр “Уул уурхайг дагаж их хөрөнгө орж ирэх хэдий ч байгалийн бохирдол өсч, хүмүүсийн амьдралын хэв маяг алдагдах зэрэг бодит өөрчлөлтүүд гарч ирдэг” хэмээснийг мартаж боломгүй. Газар дороос их хэмжээний баялаг илэрсэн ч дэлхийн зах зээл дээр хөнгөн цагааны хүдэр, зарим нэг металын үнэ унаж эхлэхэд бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэн, жирийн иргэдийн нуруун дээрхи дарамт ихэсдэгийг дэлхийн түүх бэлхнээ харуулна. Хэдийгээр ийм аюултай нөхцөл үүсэх магадлал өндөр байгаа ч өнөөдөр Монгол улс дэлхийн анхаарлын төвд аль хэдийнэ оржээ. “Зөвхөн уул уурхайгаас шалтгаалан дараагийн жилүүдэд Монголын эдийн засаг мэдэгдэхүйц өсөх болно” хэмээн Д.Зоригт сайд мэдэгджээ. Монгол улс далайд гарцгүй, Хятад, Орос гэсэн хоёр их гүрний дунд яг л сендвич шиг байрладаг газар зүйн онцлогтой. Гэсэн хэдий ч энэ улсад Чингис хаан төрж, дэлхийг байлдан дагуулж байсан билээ. Одоо тэдэнд Чингис хаан нь биш гагцхүү уул уурхайн салбар нь дэлхийн хамгийн “том” гүрэн болох боломжийг бүрдүүлж байгаа юм. Монгол улсын эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын хэлж байгаагаар Монгол улс 2015 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ын хэмжээ 5000 ам.доллар болох бөгөөд 2021 он гэхэд 12 мянган ам.долларт хүрэх бололтой. Гэвч улс гүрэн нь зөвхөн нэгхэн салбараа анхаарснаар “Голланд өвчнөөр” өвчилдөг гэдгийг мартах учиргүй. “Уул уурхай эдийн засгийн өсөлтийн ихэнх хувийг эзлээд эхэлвэл нийгэм, эдийн засаг бүхэлдээ өөрчлөгддөг” хэмээн Сиднейн их сургуулийн эдийн засаг, бизнесийн удирдлагын багш Найжел Финч хэлсэн нь бий. “Уул уурхайгаас олсон ашгаа дэд бүтэц сайжруулах, эмнэлэг, сургууль барих зэрэг үндэстэнд бүхэлд нь хэрэгтэй зүйлд зарцуулбал эрсдэл бага. Хамгийн гол нь улс төрчид үүнийг зөвхөн өөрсдийнхөө төлөө ашиглаад эхэлвэл түүн шиг эрсдэлтэй зүйл гэж үгүй” хэмээн Найжел мөн хэлж байсан удаатай. “Майнин Журнал” сэтгүүлийн эрхлэгч Крис Хинде “Африкийн зарим улсыг бид жишээ болгох хэрэгтэй. Тэнд газар доор нь баялаг илэрсэн хэдий ч хэдхэн хүний халаасанд ороод, улс орных нь хөгжил урагшлах биш ухарчихаад байна” гэж хэлснийг ч тэд мартах учиргүй.
Эх сурвалж: CNN, Кевин Войт
Бэлтгэсэн: Б.Болорсүх