Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.10.16-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын Хөрөнгийн бирж энэ сарын 11-15-ны хооронд үнэт цаасны таван удаагийн арилжаа хийж, нийт 43 компанийн гурван сая ширхэг хувьцааг 836.8 сая төгрөгөөр арилжлаа.

Долоо хоногийн эхний өдрийн арилжаагаар анхдагч зах зээл дээр нэмж үнэт цаас гаргасан “Хай би ойл” ХК-ийн 738,361 ширхэг, Нако түлш ХК-ийн 1,180,195 ширхэг хувьцааг нийт 398.7 сая төгрөгөөр тэргүүн ээлжинд худалдан авах захиалгын дагуу арилжсан байна. 

Топ-20 индекс 13214.37 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 126.49 нэгжээр буюу 0.97 хувиар өсчээ. Индексийн сагсад багтах МЦХ /12.9 хувь/, УИД /5.5 хувь/, Монгол шилтгээн /3.9 хувь/, Хөх ган /3.3 хувь/, БиДиСек /2.0 хувь/, АПУ /1.2 хувь/, Женко тур бюро /1.1 хувь/, Мах импекс /0.1 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөллөө.

Зах зээлийн нийт үнэлгээ 3.7 тэрбум төгрөгөөр буюу 0.3 хувь өсч, нэг их наяд 185.9 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Сүү /45.3 хувь/, Автоимпекс /18.3 хувь/, Бөхөг /15.0 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Мон ит булигаар /16.7 хувь/, УБ БҮК /14.8 хувь/, Могойн гол /10.0 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 43 үнэт цаас арилжигдсанаас 21 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Нако түлш /1,180.5 мянган ширхэг/, Хай би ойл /778.2 мянган ширхэг/, Оллоо /657.3 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Нако түлш /270.4 сая/, Хай би ойл /135.4 сая төгрөг/, Оллоо /88.7 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж