Иргэн та санаачил бид дэмжье

Хуучирсан мэдээ: 2010.10.16-нд нийтлэгдсэн

Иргэн та санаачил бид дэмжье

Завхан аймгийн “Тогтвортой амьжиргаа-2” төслийн нээлттэй хаалганы өдөр Улиастай суманд болж өнгөрлөө. Завхан аймагт уг төслийн хүрээнд өнгөрсөн онд аймгийн хэмжээнд хийсэн ажлаа иргэддээ тайлагнаж Отгон, Цагаанхайрхан, Алдархаан, Эрдэнэхайрхан, зэрэг сумдын Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагчид хүрэлцэн ирж, гарын авлага тараан төслийнхөө талаарх дэлгэрэнгүй танилцуулга үр өгөөжийг танилцуулсан юм.

Тогтвотой амьжиргаа төслийнхөн сарын аяны хүрээнд 27 сая төгрөгөөр Улиастай сумын Өлзийт багийн замын гэрэлтүүлгийг хийж  хүлээн авсан бол 32 сая төгрөгөөр мөн сумын Товцог багийн гэрэлтүүлгийг тавих ажлыг эхлүүлээд  байна.
Аймгийн хэмжээнд энэ онд нийт 90 сая төгрөгийн замын гэрэлтүүлгийг тавихаар төлөвлөсөн байна. 2009 онд 24 суманд 730,537 сая төгрөгийн 102 төслийг батлуулж хэрэгжүүлсэн бөгөөд 31 хувийг нь боловсролын салбарт, 11 хувийг нь эрүүл мэндийн салбарт, 58 хувийг нь дэд бүтэц болон бусад салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зориулжээ.

2010 онд бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 516,600,000 сая төгрөгийн 148 төслийг хэрэгжүүлэх шатандаа явж байгаа бол мөн онд зудын гамшигаас учирсан хохирлыг бууруулахад чиглэгдсэн яаралтай төслийг Алдархаан, Улиастай, Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй, Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Сантмаргаз, Сонгино, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Асгат зэрэг 18 суманд 90 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна.

Мөн Улиастай сумын III цэцэрлэгийн тохижилтийн ажил, V цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомыг шинэчлэх ажлын санхүүжилтийг шийдэж өгсөн бол  Эрдэнэхайрхан суманд багийн эмнэлэгийг барьж  Цагаанхайрхан сумын соёлийн төвийн техник аппаратур, сандлын хамт иж бүрнээр нь шинэчилж өгчээ. “Иргэн  та санаачил бид дэмжье” гэсэн уриатай ТАТ төслийнхөн олон сайхан ажлыг аймаг,  суманд хийж байгаа нь сайшаалтай.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж