“Амжилтын төлөө хамтдаа” энэ бол тэдний байгуулсан төрийн бус байгууллага юм. Аваргууд маань өөр өөрсдийн амжилтад хүрсэн хүндхэн боловч гайхамшигтай замналаасаа монголын хүүхэд, залуучуудад ярьж, тэднийг спортод зоригжуулах, сэтгэлийн хат суулгах, ялалтад уриалан дуудах зорилготой юм. Анхны лекцээ Дархан, Хөтлийн хүүхэд, залуучуудад уншсан юм. Тэд спортоор хичээллэн бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ нийгмийн амьдралд ийнхүү идэвхтэй оролцож, үе тэнгийнхэн, дүү нартаа үлгэр дууриал үзүүлж яваа монголын бахархал болсон залуучууд, дэлхийн хэмжээний тамирчид билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн спорт, биеийн тамирын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг аваргууд маань энэ удаа уншсан лекцээсээ олсон орлого нэг сая төгрөгийг Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн санаачилан байгуулсан хорт хавдартай тэмцэх “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний санд хандивлахаар шийджээ.
Монголын шилдэг тамирчдын уншсан лекцийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас дэмжин зохион байгуулсан юм.
Эх сурвалж: president.mn