“Барса” Ла лигийг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

“Барса” Ла лигийг тэргүүлж эхэллээ

Өнгөрсөн шөнө болсон Испанийн Примера лигийн 28 дахь тойргийн тоглолтод “Барселона” 2:0 харьцаатай “Осасуна”-г хожсоноор Ла лигийн хүснэгтийг дахин тэргүүлж эхэллээ. Лигийн хоёр тоглолтод дараалан хет-трик хийсэн Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси анхаарлын төвд байсан боловч Златан Ибрахимович тоглолтын 73 дахь минутад гоолдож, тооны харьцааг нээжээ. Улмаар тоглолт өндөрлөхийн өмнөхөн залуу тоглогч Боян Кркич тооны харьцааг 2:0 болгосноор тоглолт өндөрлөсөн байна. Хожлын гурван оноогоо авснаар “Барса” 71 оноотой болж, Ла лигийн хүснэгтийг тэргүүлж эхэлсэн боловч тэдний мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид” энэ үдэш “Хетафе”-г хожвол лигийн топ байрт бичигдэх учиртай юм.
Мөн өнгөрсөн шөнийн тоглолтод “Валенсия” Дэвид Виллагийн гоолын ачаар “Малага”-г 1:0-ээр хожиж, гуравдугаар байраа баталгаажуулсан бол “Мальорка”, “Расинг Сантандер” нар гоолгүй тэнцэж, оноо хуваажээ. Түүнчлэн “Вильяреал” “Тенерифе”-гийн талбайд 2:2 харьцаатай тэнцэж, эвийн гэрээ байгуулсан бол “Альмерия” 1:0-ээр “Реал Зарагоза”-г буулган авсан байна. Мөн “Реал Вальядолид” Эспаньол” нарын тоглолт 0:0 харьцаатай өндөрлөжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж