Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн
Бор-Өндөрчүүд гудамжинд гарахад хүрчээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын 300 өрх гэрэл цахилгаангүй мөн олон иргэд орон байргүй болж гудамжинд гарахад хүрээд байна. Дархан сумын Бор-Өндөр хотын статусын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд 2008 оны орон нутгийн сонгууль өгөөгүй ганц сумын нэг юм. Маргаан мэтгэлцээн шийдэгдээгүй байтал тус хотын иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байна. Учир нь хүний халдашгүй эрхийн нэг орон сууцыг нь дүн өвлийн хүйтэн болж байгаа энэ үед хамтарсан үйлдвэрийн захиргаанаас төсвийн байгууллагуудтай гэрээгээ шинэчлэх нэрээр бүх орон сууцаа суллаж өгөхийг шаардаж тэр байтугай бэлгэнд өгсөн байраа хүртэл авахын тулд шүүхийн шийдвэр гаргуулан байраа суллахыг шахаж шаардаж байна. Тиймээс Бор-Өндөр хотын олон зуун иргэд өнөөдөр орох оронгүй гудамжинд гарахад хүрчээ. Бор-Өндөрчүүдийн бас нэг тулгамдаад байгаа асуудал бол тус хотын 300 гаруй өрх гэрэл цахилгаангүй лааны гэрэлд амьдарч байгаа явдал. Тэдгээр иргэд холбогдох байгууллагуудад санал хүсэлтээ тавьсан ч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй байна. Бор-Өндөрчүүдийн асуудал үүгээр дуусахгүй. Тус суманд өнөөдрийн байдлаар 58 хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын 22 лицензийг олгосон байна. Эдгээр уул уурхай эрхлэгчид бүгд хятадууд ба тэд орон нутгийнхны тавьсан асуудлыг ер тоож үздэггүй төдийгүй “танай УИХ-ын гишүүдийн ихэнх нь бидний найз бааз, та нар яах юм” гэх мэтээр доромжилдог байна. Ийнхүү Дархан, Бор-Өндөрийн нутагт уул уурхайн хайгуул олборлолт хаа сайгүй явагддагаас мал бэлчээрлэх газаргүй болжээ.
И.Байгалмаа