Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 2009 оны арванхоёрдугаар сард Япон улсад айлчлах үеэрээ Монгол Улсын дипломат паспорттой иргэдийг Японд зорчиход нь визгүй болгох талаар санал тавьсан. Энэ уулзалтаараа ч “Энэ ондоо багтааж, Монгол улсын дипломат паспортыг визээс чөлөөлөх талаар тохиролцоонд хүрэх эрмэлзэлтэй байгаа тул Элчин сайдын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах”-ыг Элчин сайд Т.Кидокорогоос хүслээ.
Япон иргэдийг визээс чөлөөлөх шийдвэр нь Монголын Засгийн газар Япон улстай хөгжүүлж буй харилцаанд улс төрийн ач холбогдол өгдөг, цаашид хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн төвшинд хүргэх чиглэлтэй байгааг харуулж байгаа юм.
Япон улсын иргэд 30 хоногийн хугацаатай Монгол улсад визгүй зорчдог болсноор худалдаа, эдийн засгийн харилцаа улам эрчимжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэх юм гэж Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.