Тэрбумтан: Генри Форд

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Тэрбумтан: Генри Форд

Дэлхийн суут бизнесмений нэг Америкийн тэрбумтан Генри Форд 1863 онд Ирландаас цагаачилж ирсэн ядуу тариачны найман хүүхдийн нэг нь болж төржээ. Тэрбээр 16 настайдаа гэрээ орхин гарч хотод ирээд механикийн ажлыг сонирхох болжээ. Гурван жилийн дараа хөдөөдөө эргэн ирж аж ахуйн ажил оролдохын хажуугаар өөрийн хэрэгцээнд зориулан трактор зохион бүтээж эхлэв. Ингээд удалгүй бас л хөдөөг орхиж хотод ирсэн бөгөөд домогт Эдисоны цахилгаан компанид эхлээд механик инженер дараа нь ерөнхий инженерийн алба хаших болжээ. Форд ажлаас бусад цагаар машин угсардаг байв. Түүний анхны машин дугуйтай авдар мэт байжээ. Хоёр жилийн дараа хамгийн анхны бензинээр явдаг машинаа бүтээсэн түүхтэй. Дараа нь түүний машин улам хөнгөн найдвартай болж ирлээ.

Хэдэн нөхөдтэйгөө нийлж “Дейтройт”-ын автомашины компани гэгчийг байгуулж анх 19 машиныг зохион бүтээсэн юм байна. Гэвч бусад түншүүдтэйгээ санал нийлэхээ больсон тул компанийг орхиход хүрлээ. Нөхөд нь саятануудад зориулан машин хийдэг байсан ба харин Форд машиныг ард түмний хэрэглээ болгохын төлөө байсан учраас ийнхүү хагаралдахад хүрэв.

Форд эндээс гараад хоёр ширхэг уралдааны машин бүтээжээ. Түүний нэг нь дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Алдарт дугуйчин Барни гэгчийг уралдааны машин унахад сургасан байна. Удалгүй Барни энэ спортын од болж олон тэмцээнд түрүүлжээ. Гэхдээ дандаа Фордын машиныг унадаг байв. Тэмцээнүүдээс түүнд өгсөн шагналыг ашиглан өдгөө дэлхийд алдартай Форд мотор компанийг байгуулсан түүхтэй. Анх түүний компани жижиг саравчин дор байрлаж байсан гэдэг. Генри өөрийн үйлдвэрийн угсрагч, зохион бүтээгч бас захирлаар нь ажиллаж байлаа. Форд анхны машинуудаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ард түмний хэрэглээ болгох үүднээс маш хямдаар буюу 850 доллараар зарж байв.

Гэтэл машин үйлдвэрлэгчдийн холбоо түүнийг эгнээндээ нэгтгэх, эсвэл үйл ажиллагаа зогсоохыг тулгаж эхэллээ. Хэрэв энэ холбоонд нэгдвэл машинаа бусдын жишгээр зарах ёстой болно. Гэтэл Форд ард түмнээ машинжуулахыг хүсч байсан учраас холбоонд элсээгүй гэдэг. Фордын олон зөв шийдлүүдийн нэг нь үйлдвэр дээрээ тогтоосон дамжлагын арга байв. Энэ аргыг хэрэглэснээр үйлдвэрлэл 60 хувь өссөн гэдэг. Энэ ашгаасаа ажилчдын цалингаа нэмж байв. Бусад газарт ажилчин хүнд цагийн хоёр доллар өгдөг бол Форд таван доллар төлж ирсэнээр зогсохгүй ажлын өдрийг найман цаг байлгахын төлөө тууштай тэмцдэг байлаа. Форд ажилчиддаа зориулан сургууль эмнэлэг хүртэл байгуулдаг байв.

Мэдээж энэ баян бизнесмений тухай сонин хэвлэлүүд байнга бичиж эхэлжээ. Харин Форд сонин дээр юу гэж ч гарсан байсан хэзээ ч зарга зайлхай хийдэггүй байв.

Форд дэлхийн нэгдүгээр дайны үеэр Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч ялагджээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Гитлертэй дотны нөхөр бөгөөд улмаар фашизмыг санхүүжүүлдэг хэмээн түүн рүү дайрч байв.

Дэлхийд аладртай автомашины өөр нэг компани буюу Дож компанийн эзэд Фордын шинэлэг санаа бүрийг ичгүүргүй хулгайлдаг байлаа.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа гэхэд Форд машины бизнесийн хажуугаар төмөр зам, ашигт малтмал болоод ойн бизнесийг гартаа авч эхэлжээ. 1927 он гэхэд Форд компани машины бүх сэлбэг эд ангийг үйлдвэрлэж чаддаг болжээ.

Гучаад он гэхэд Фордын үйлдвэр өдөрт мянган машин зах зээлд нийлүүлэх болжээ. Үйлдвэрээ улам өргөжүүүлэхийн тулд олсон бүх орлогоо зарж эхлэв. Гэтэл энэ нь хувьцаа эзэмшигчидэд огт таалагдсангүй. Тэд Фордыг шүүхэд өгч улмаар ялжээ. Эцсийн дүнд Форд машиныхаа үнийг нэмэхээс аргагүй байдалд оров.

Форд үүний дараа компаниас гарч удирдлагыг өөрийн хүүд өглөө. Тэгээд зуучдаар дамжуулан компанийхаа хувьцааг бүгдийг нь худалдаж авсан юм. Ийнхүү Форд мотор компанийг бүрэн хянах болжээ. Хүү нь түүний үгнээс зөрөн цэрэгт мордож улмаар дэлхийн хоёрдугаар дайны үед амь насаа алдлаа. Форд өөрөө ч удалгүй насан өөд болсон бөгөөд энэ аварга компани түүний өв залгамжлагч нь болох ач хүүд нь очсон юм. Харин ач хүү нь энэ бизнесийг авч явах чадваргүй байсан бөгөөд удалгүй компанийн хяналтыг алдав. Форд нас барахдаа өөрийн тэрбум долларыг Фордын нэрэмжит санд үлдээсэн билээ.

Эх сурвалж: tv-buuhia.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж