
Лондонд саатуулагдаад байгаа ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцын шүүх хурал ирэх сарын 15-нд болохоор товлогдоод байгаа. Шүүх хурлын өмнө Монголын Засгийн газар өмгөөлөгч авсан тухай бид өмнө мэдээлсэн. Мөн ҮАБЗ-ийн Ажлын албаны даргыг Монголын тал шилжүүлэн авахын тулд Монгол Улсын Шадар сайд болон Хууль зүй дотоод хэргийн яамнаас удаа дараа нот бичиг, албан захидал илгээгээд байгаа билээ. Гэвч Английн тал үүнд ямар нэг хариу өгөөгүй байгаа. Учир нь Б.Хурц нь 2003 онд С.Зоригийн хэрэгт сэжиглэгдсэн Д.Энхбатыг Монголд авчрахдаа гадаад орны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хүн хулгайлсан хэрэгт буруутгаж, Франц, Белги, Герман улсын Засгийн газраас Б.Хурцыг өөрийн талд шилжүүлэн авах хүсэлтийг Английн талд тавиад байгаа билээ.
Тиймээс өчигдөр Монгол Улсын Гадаад харилцааны яам Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Франц, Бельги, Герман улсаас албан ёсоор уучлал гуйсан нот бичгийг илгээжээ. Учир нь 2003 онд Д.Энхбатыг хулгайлан авч явсны дараа дээрх орнууд Монголын талд дургүйцлээ илэрхийлж, олон улсын эрх зүй, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, хүн хулгайлсан үйлдлийнхээ төлөө Монголын Засгийн газар албан ёсоор уучлал гуйхыг шаардсан ч тухайн үеийн эрх баригчид хариу өгөөгүй аж. Харин энэ удаа Монголын Засгийн газар тухайн үеийн эрх баригчдын явуулсан хууль бус ажиллагааны өмнөөс албан ёсоор уучлал гуйсан нь ҮАБЗ-ийн Ажлын абаны дарга Б.Хурцыг өөрийн мэдэлд шилжүүлэн авч, дотооддоо шүүх боломжийг олгоно хэмээн найдаж байгаа юм.
Б.ЗАЯА