Афганистан, Хятадын ерөнхийлөгч нар гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Афганистан, Хятадын ерөнхийлөгч нар гэрээ байгууллаа

Афганистан, Хятадын ерөнхийлөгч нар дайнд нэрвэгдсэн Афганы эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао нар Бээжинд яриа хэлэлцээрээ үргэлжлүүлсэн бөгөөд энэ үеэр Хятад улс Афганистаны хөгжлийг ямагт дэмжих болно гэж ерөнхийлөгч Ху Жинтао хэлсэн байна. Мөн хоёр улс “терроризм, салан тусгаарлах үзэл, шашны экстремизмийг идэвхтэй дарах болно” гэж нэмж мэдэгдсэн байна. Карзай Афганистанд ажиллах Хятадын компани, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах болно гэж мэдэгдсэн.

Лхагва гаригт хоёр улсын ерөнхийлөгч гурван гэрээнд гарын үсэг зурсан нь эдийн засгийн хамтын ажиллагаа, сургалтын хөтөлбөрүүд болон Афганаас Хятад руу экспортолж байгаа бүтээгдэхүүнд нэн таатай тариф ноогдуулах тухай гэрээ байсан. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл сэтгүүлчдэд өгөөгүй. Гэрээ байгуулсны дараа Хамид Карзай “Хятад шиг хөрш байгаа нь Афганистан улсад нэн таатай байна” гэж ярьсан.

Сүүлийн үед Хятадын алс баруун бүсэд байдаг лалын шашин шүтдэг Шинжань мужийн салан тусгаарлах үзэлтнүүд Афганы босогчдоос сургалт, дэмжлэг авч байна гэж Бээжин мэдэгдсэн. “BBC” агентлагын Бээжин дэх сурвалжлагч Michael Bristow-ын мэдээлж байгаагаар санхүүгээр баян Хятад улс Афганистаны ашигт малтмалын ордуудад ажиллах гэрээ байгуулах бодолтой байгаа. 2007 онд Хятадын компани Афганистан дахь дэлхийн хамгийн том зэсийн ордыг ашиглах тендерт ялсан юм. Хятадын төрийн өмчийн “China Metallurgical Group” компани Афганистаны Logar мужид байдаг Aynak уурхайд ойролцоогоор гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар амалсан байна. Хятад нь Афганистаны хэрэглээний бүтээгдэхүүний гол эх сурвалж. Гэсэн хэдий ч хоёр талын худалдаа 2008 онд ердөө 155 сая ам.доллар байсан. Ноён Карзай Хятадад айлчлахдаа Гадаад хэрэг, Батлан хамгаалах яамны сайдуудаас гадна 20 орчим тэргүүлэх бизнесийн төлөөлөгчтэй явсан.

А.Төгөлдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж