
Гамшигт нөхцөл байдал үүссэн цагт манлайлан ажиллах учиртай Онцгой байдлын ерөнхий газрынхан үзүүлэн тоглолт хийхдээ үнэхээр ч онцгой шүү. Үүнийг пиар сайтай Ц.Амгаланбаяр даргатай нь холбохгүй байх аргагүй. Улсаас төсөвлөсөн хөрөнгийг орон нутгийн онцгой албадад хуваарилсан дүр үзүүлчихээд даатгал нэрээр буцаагаад татчихдаг гэж байгаа. Энэ мэт үйлдлээс нь болоод түүнийг үзүүлэх тоглолтод гаршсан нэгэн гэдэг биз. Гэсэн ч түүнд хариуцлага тооцдоггүйн учрыг Шадар сайд М.Энхболд, ХЗДХ-ийн сайд Д.Нямдоржийн хүн гэдэгтэй нь холбох нь бий. Харин бодит байдал дээр энэ албаныхан чанарын шаардлага хангаагүй хувцас, зохион байгуулалтгүй байдлаараа л онцгойрох нь бий. Уг нь тоног төхөөрөмж сайжирч, мэргэжилтнүүд нь суралцлаа л гэдэг. Гэтэл манай онцгой байдлын албаныхныг газар доорх байтугай барилгын нурангид даруулсан хүний амь аварч чадахгүй мунгинаж байх зуур Чилийн мэргэжил нэгт нөхөд нь сэтгэл байгаад зүтгэл байвал хэрхэн онцгойрч ажиллаж болдгийг дэлхий нийтэд харуулж чадлаа. Чилийн онцгойнхон болон даргад нь манай онцгой албанд зүтгэгсэд битүүхэндээ атаархаж л суугаа. Харин энэ үйл явдал Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт чухам юу бодогдуулсан бол. Үнэн хэрэгтээ сэтгэл дутаад байна гэдгийг ухаарч жаахан ч гэсэн ичсэн болов уу. Эсвэл Чилийн онцгойнхонтой Монголынхыг харьцууллаа гэх юм уу. Гэхдээ л Франц улсын Иргэний аюулгүй байдлын удирдах газартай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан хүн шүү, тэр.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин