Хятадыг шүүмжлэгсэд олширч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Хятадыг шүүмжлэгсэд олширч байна

Валютын дайн хэмээх ойлголт жинхэнэ утгаараа Хятад, АНУ-ын харилцаанд бий болж байна хэмээн ажиглагчид онцолж байна. Талууд хоёр орны хоорондын худалдаанд хориг тавьсан заалт бүхий хуулийг баталж, хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа. Үүгээр ч зогсохгүй өөрсдийн тайлбарыг хийсээр бай­на. Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Хя­тадын Ерөнхий сайд Вэнь Зябао юанийн ханшийг богино хугацаанд огцом нэмэх нь ямар ч боломжгүй зүйл гэдгийг онцолж, энэ маягаар дарамт учруулах хэрэггүй хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч түүнээс хойш АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар дахин дахин онцлох болсон. Тэрбээр Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хуралдааны үеэр юанийн ханшийг илүү уян хатан болгохыг шаардсан аж. Түүнчлэн “PBS” телевизэд өгсөн ярилцлагадаа “Энд ямар ч валютын дайны тухай яриагүй байна. Бид юа­нийн ханшийг зах зээлийн бодит түвшинд аваачихыг л хүсч байна” гэжээ.

Хятадын Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард юанийн ханшийг уян хатан болгохыг зөвшөөрсөн би­лээ. Тэр үеэс  юанийн ам.доллартай  харьцах ханш 2.4 хувиар чангарсан байна. АНУ-ын хувьд худалдааны алдагдал  хүлээх болсон гол шалтгаан нь Хятадын валютын бодлоготой холбоотой хэ­мээн үзэж байгаа юм. Өнгөрсөн онд АНУ Хятадаас 296.4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн им­портолсон байна. Энэ нь Хятадад экспортолсноос дөрөв дахин их хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Хятадтай хийсэн худалдаа асар их алдагдалтай гарсан гэсэн үг.

АНУ-ын санхүүгийн зохицуулагч нарын дээрх үгэнд ха­риу болгож Хятадын эдийн засагч Ли Сянгянг өчигдөр “People’s Daily” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурьджээ. Тэрбээр АНУ-ын засаг захиргаа мөнгөний тэ­лэх бодлого баримталж буй нь өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудад сөргөөр нөлөөлж байгааг он­цолсон байна. Ам.долларын уналт нь угаасаа түүхий эдийн үнийг огцом хэлбэлзүүлж, тогтвор­гүйжүүлэх үндэс болох юм. Ли Сянгянгийн үзэж байгаагаар хурцадмал байдал үүсэх анхны “зургийг” АНУ бүтээсэн аж. Тэрбээр Холбооны нөөцийн сан тун удахгүй бондын худалдан авал­таа бууруулж, санхүүгийн зах зээл дэх бусад хөрөнгийн эргэлтийг хя­налт­даа авахыг хичээх болно гэжээ. Хятадын Гадаад явдлын яамнаас уржигдар “Тус улс юанийн ханшийг уян хатан болгох тал дээр тодорхой шинэчлэл хийх болно. Гэхдээ алгуурхан өөрчилнө” хэмээн мэдэгдсэн байна.

Саяхнаас Канад, Япон, Герман тэргүүтэй Европын орнууд юанийн ханшийн өөрчлөлтөд санаа тавьж эхэллээ. Тэд юанийн ханшийг богино хугацаанд дорвитойхон чан­га­руулахыг шаардаж байна. Олон улсын валютын сангаас АНУ-ын экспорт, Хятадын импортыг нэмснээр дэлхийн эдийн засаг тогтворжиж, тэнцвэртэй болохыг он­        цол­сон билээ. Гэвч Хятадын хувьд юанийн ханшийг богино хугацаанд огцом өөрчлөхгүй гэх байр суурь дээрээ хатуу зогссоор байгаа юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн даваа гарагт Хятадын Ардын банк юанийн ам.доллартай харьцах ханш бага зэрэг өсгөсөн байна. Үүний дүнд нэг ам.доллар 6.6732 юаньтай тэнцжээ. Хятадын эдийн засагчид 2010 он дуустал юанийн ханшийг гурван хувиас илүү чангаруулах боломжгүй хэмээн онцолж байгаа. Ажиглагчдын үзэж буйгаар тус улсын Засгийн газар үүнийг дэмжиж байгаа бололтой.

Т.ЭЛИСА

Зохиогчийн  эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж