МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын гишүүд дүүргийн Хууль, хяналтын байгууллага, Боловсрол, соёлын салбар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төлөөлөл, иргэдтэй уулзлаа. Мөн “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн ажилчид, “Монголын төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, ажилчдын үгийг сонсов.
Манай улсын онцгой объект, улсыг эрчим хүчээр хангадаг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн ажилчдын үгийг сонсох уулзалтын үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Бадамсүрэн, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Рэгдэл, ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван, Сангийн дэд сайд Т.Очирхүү, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Очирсүм нар байлаа. Мөн “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн байсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, “Би танай хамт олонтой “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийг эрчим хүчээр хангах цагаас эхлээд хувь заяагаа холбосон. Өнгөрсөн жилүүд манай намын хувьд их бүтээн байгуулалтын жил байлаа. Ялангуяа өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш байдаггүй гэдэг шиг он цагийн шүтэлцээн дээр алдаа, оноогоо хэлэлцэж цаашдынхаа зорилгыг тодорхойлох юм. Тиймээс та бүхэнтэй уулзаж, санал бодлыг чинь сонсч байгаадаа баяртай байна. Оюутолгойн ордыг түшиглэн металлургийн үйлдвэр, Тавантолгойг түшиглэж уул уурхайн эрчим хүчний цогцолборыг барьж байгуулна. Эдгээр цогцолборыг байгуулснаар ажилгүйдлийг бууруулах боломжтой. Цаашлаад уул уурхайн салбар хөгжиж байгаа үед дэд бүтэц тэр дундаа эрчим хүчний салбар, төмөр зам, усны хангамжийн асуудлыг шийдэх шаардлагатай байгааг онцолсон юм. Харин эрчим хүчний салбарын хөгжил, цаашид авах арга хэмжээ, IV цахилгаан станцад төрөөс хэрхэн анхаарч байгаа талаар салбарын дэд сайд Т.Энхтайван хэлэхдээ “Эрчим хүчний салбар 69 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байгаа. Төрөөс борлуулалтын үнийг хүчээр барьж байгаа болохоор алдагдалд орсон. Хэдий тийм боловч энэ оны байдлаар эрчим хүчний үйлдвэрлэлийн балансыг авч үзэхэд үзүүлэлт нь нэмэх рүү орохоор харагдаж буй. Төрөөс 2006-2008 онд Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ жилийн хувьд төрөөс эрчим хүчний салбарт 3.6 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгснөөс 3.2 тэрбум төгрөгийг “Дулааны IV цахилгаан станц”-д өгсөн байгаа. Зөвхөн “Дулааны IV цахилгаан станц”-ын их засварын ажилд зориулан улсаас 12.5 тэрбум төгрөг гаргасан. Үүнээс эрчим хүчний салбарт хэрхэн анхаарч байгааг харж болох юм” гэлээ. Мөн тус цахилгаан станцын ажилчид энэ үеэр МАХН-ын Удирдах зөвлөл, эрхэм гишүүдэд саналаа хэллээ. Тэд нийгмийн байдлыг нь анхаарч ажиллахыг гишүүдээс хүслээ. Мөн төрийн өмчит компани учир шалгалт ихээр ирдэг. Хэтэрхий олон шалгалт ирэх нь ажил хийхэд хүндрэл учирдаг гэдгийг хэлж байлаа. Төрийн байгууллагын үйлчилгээ удаан, хүнд суртал их байгааг гишүүд анхааралдаа авч ажиллахыг сануулав. Тус цахилгаан станцын гүйцэтгэх захирал Б.Цэвээн “Ажилчдынхаа нийгмийн асуудлыг бид шийдээд явж байгаа. Гэхдээ бүгдийг нь шийдэх нөөц бололцоо алга. Тиймээс станц өөрийн хөрөнгөөрөө орон сууц барин ажилчдаа оруулвал банкны зээлээс хямд тусах юм” гэдгийг онцлов.
Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Тогтоолын төслийг боловсруулсан гишүүний нэг УИХ-ын гишүүн А.Тлейханаас тус аяны хүрээнд явуулж буй арга хэмжээний талаар сонирхлоо. Тэрбээр,
-Манай нам ард түмнээ сонсъё аяны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсан. Тэдний нэг нь эрчим хүчний томоохон салбар болох Дулааны IV цахилгаан станцын хамт олонтой хийж байгаа уулзалт юм. Энэ хамт олон Монгол орноо хөгжүүлье гэсэн уур амьсгалтай байгаа нь мэдрэгдлээ. Иргэдээс ирж буй гол санал нь нийгмийн асуудал байсан. Төрийн байгууллагуудын хүнд суртлыг мөн ярилаа. Намын Удирдах зөвлөлөөс иргэдийн саналыг нэгтгэн шийднэ. Эрчим хүчний салбарт үнэхээр тулгамдсан асуудал олон бий. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад байгаа. Уг тогтоолын төслийн талаар иргэддээ танилцууллаа. Их сайнаар хүлээн авч байна. Өнөөдөр тавьсан санал , хүсэлтийг бүрэн шийдэх болно. Бид “Ард түмнээ сонсъё” аяныг жил бүр хийнэ. Ирэх жил баруун аймгуудаар явж ард иргэдтэйгээ уулзана гэлээ.
“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн ажилчидтай хийсэн уулзалтын төгсгөлд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Рэгдэл, “Танай хамт олон нийтийн эрх ашгийн асуудал тавилаа. Та бүхний санал бидэнд чухал. Бид сонслоо, Удирдах зөвлөлөөр хэлэлцэж асуудлыг шийдэхэд анхаарах болно” гэж хариуцлагатайгаар мэдэгдлээ.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин