
Монголбанкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид эдийн засгийн сайхан
ирээдүй харагдаж байгаа бол УИХ-ын гишүүд, жил бүр ярьдаг зовлонгоо
хэлэлцэж байна, иргэдийн амьдрал дээшилж байдал сайжирсан зүйл алга гэж
шүүмжилж байлаа. Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн
мэдэгдсэнээр төрийн бодлогоор банк санхүүгийн хямрал ард хоцорсон аж.
Тиймээс ч энэ онд эдийн засгийн өсөлт 7.5 хувьд хүрэх төлөвтэй болжээ.
Энэ тоо аравд хүрээгүйн буруутан нь зуд аж. Зуд болсноор махны үнэ өсч,
нийгмийн халамжийн мөнгө тараасан шалтгаанаар инфляцийн түвшин нэмэгдэж
макро эдийн засгийн тулгамдсан асуудал болсон аж. Харин Засгийн газар
махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж инфляцийг бууруулсныг төв банкны
ерөнхийлөгч сайшаав. Мөн тэрбээр уул уурхайн томоохон төслүүдийг
хэрэгжүүлж эхэлснээр санхүүгийн хөрөнгө оруулалт нэмэгдэж гадаад
вальютын нөөц нэмэгдэж байгааг онцоллоо. Арилжааны банкуудын хувьд
өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд анхаарахаас аргагүй. Гэхдээ зээлийн
хүүг бууруулах зайлшгүй шаардлага байгааг ч Л.Пүрэвдорж тайлбарласан.
Харин гишүүд төв банкны зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгждэггүйг
шүүмжилж байсан. Тодруулбал, Монголбанк бодлогын хүүгээ хэрхэн
буурууллах нь ирэх онд баримтлах мөнгөний бодлогод тодорхойгүй байгааг
гишүүд онцолсон. Энэ шүүмжлэлийг төв банкны ерөнхийлөгч хүлээн авна
гэсэн. Мөн Ц.Сэдваанчиг гишүүн “Монголбанкны Ерөнхийлөгч арилжааны
банк өөрийн хөрөнгөө өсгөж байна гэсэн. Гэтэл дэд ерөнхийлөгч нь эсрэг
мэдээлэл өгсөн. Аль нь зөв бэ” гэж тодруулахад Д.Зоригт гишүүн “Урьд нь
банкууд эх үүсвэр багатай байсан. Харин одоо эх үүсвэр нь 1.8 их наяд
төгрөг болж өссөн” гэж тодотгов.
Банкны хүү буурахгүй байгаа шалтгааныг Монголбанкны дэд ерөнхийлөгч
“Банкууд зээлийн эрслийг сайн тооцдог болсон. Өөрөөр хэлбэл, зээлийн
эрсдлийг тооцож хүүндээ шингээдэг. Учир нь банкууд барьцаа хөрөнгийг
мөнгө болгоход шүүхийн шийдвэр гартал зургаа, долоон жил зарцуулдаг.
Тиймээс энэ асуудалд хууль эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй” гэж
тайлбарлав. Мөн Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд орж
ирэх үеэс буюу 2013 оноос валютын нөөц одоогийнхоос арван хувиар өснө
гэдгийг төв банкныхан хэллээ. Одоо гадаад валютын нөөц 1.6 их наяд
төгрөг байгаа аж.
Малчид зээлийн барьцаанд байгаа нь нийгмийн асуудал болж байгаад гишүүд
эсрэг тэсрэг байр суурьтай байлаа. Малчдын зээл инфляци үүссэн
шалтгааны 40 хувийг эзэлж байгаа талаарх судалгаа ч гарчээ. Нэг хэсэг
нь малчдын зээлийг хөнгөлөх бүр чөлөөлөхөд төр оролцох ёстой. Тэгвэл
иргэдийн амьдрал дээшилнэ гэж байсан бол нөгөө хэсэг нь арилжааны банкны
тогтсон харилцаанд төр оролцох эрхгүй. Харин Хүний хөгжил сангаас
оюутнуудын сургалтын төлбөр төлж, зээлийнх нь тодорхой хувийг төлж
байгаа нь том дэмжлэг гэж үзэж байлаа. Д.Энхбат гишүүн “Малчид хүнд
байдалд орлоо гээд Засгийн газарт ханддаг шиг арилжааны банкинд хандах
боломжгүй. Гэхдээ даатгалын нэгдсэн тогтолцоог бий болгоогүй, махны
үнийг барьж зах зээлээ зохицуулж чадаагүй нь Засгийн газрын буруу. Жил
бүр Монголбанкны ерөнхийлөгчийг суулгаад загнаж байх юм. Монголбанк
Засгийн газарт ч шаардлага тавих эрхтэй” гэв. Хариуд нь Д.Зоригт гишүүн
малчид арилжааны банктай харилцаад арван жил л өнгөрч байгааг
тодотгоод даатгалын тогтолцоог сайжруулж, төв банкны бие даасан байдлыг
хангахад Засгийн газар анхаарах шаардлагатайг хэлсэн.
Ийн малчдын зээл асуудлын төв болж төрийн оролцоо хэрэгтэй эсэхэд
гишүүд маргаж банкны зээлийн хүү хувийн хэвшлийнхнийг боомилж байгааг
шүүмжилсэн ч “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах
бодлого”-ыг хэлэлцэхийг гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин