
Удахгүй болох XXVI Их хурлаар МАХН-ын шинэчлэлийг яриад зогсохгүй намын даргын асуудлыг ч ярих байх гэж тус намын олон Сүхбаатарын нэг нь ам алдлаа. Шинэчлэлийг ярьж эхлүүлсэн намын дарга өөрөө минажүүлсэн талбай дээгүүр алхаж яваа нь энэ. Засгийн газар нь ч мөн адил. Уг нь улс төрийн том намын хувьд бусад намын лидерүүдтэй тодорхой хэмжээний дотно харилцаа үүсгэсэн байдаг. Үүгээрээ урт удаан хугацаанд оршин тогтнох “хана хэрэм”-ээ босгодгийг өмнөх удирдлагуудын жишээнээс харж болно.
Харин С.Батболдын хувьд өнөөдөр намын гаднах түншлэлийн холбоо нь маш нууцлаг байгаа. Эсвэл огт байхгүй ч байж мэднэ. Байгаа гэж найдахын учир нь тэрбээр хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд танхимынхаа хэдийг, хүний, өөрийн гэлтгүй зангидаж чадаад байна.
Өнөөдөр Засгийн газрын ямар ч гишүүнтэй ч уулзсан Засгийн газраа зөвтгөн хамгаалж чадна. Харин МАХН-ын дотор С.Батболдын төлөө “за” гэж дуугарах нь хэчнээн байгаа бол. Түүний хувьд намынхаа үе үеийн төлөөлөлтэй учраа олоод байдаг ч “хөлгүй” дарга хэмээн шүүмжлүүлэх болсон нь үнэний ортой. Н.Энхбаярын, М.Энхболдын, С.Баярын, У.Хүрэлсүхийн баг дээр өөрийн тоглолтыг хийнэ гэдэг амаргүй нөхцөл байдал. Намын дарга, Ерөнхий сайд байна гэдэг тэр дундаа МАХН-ын дарга байна гэдэг маш том суурь, үнэнч баг шаардлагатай. С.Батболдыг оюунлагууд бүчиж байгаа ч тэд намын үүр хорооддоо “хөл”-тэй болж амжаагүй нь тодорхой. Тулах цэггүй бол юуг ч эргүүлж өөрчилж чадахгүй. Тэр дундаа улс төрийн том тоглолтыг бусдын бий болгосон “хөл” дээр хийнэ гэдэг санаанд багтахгүй юм. Хар л даа, энэ Н.Энхбаярыг. Нам дотор нь түүнийг дэмжих хүн байхгүй гэж хэвлэлүүд бичиж байгаа ч тэр дор унасан хүн өдий зэргийн багийг бүрдүүлж ажиллаж байна гэдэг мундаг үзүүлэлт. Н.Энхбаярыг одоо басах хэрэггүй. Түүний байгуулсан хөдөлгөөн бүх сумдад салбартай боллоо. Тэр сайн “хөл”-тэй юм. “Могой гурав тасравч гүрвэлийн чинээтэй” гэдэг чинь энэ шүү дээ. Тэд олон тооны мина бэлдсэн байгаа. Хэзээ хаана яаж тэсрэх нь нууц. Харин С.Батболдын хувьд энэ асуудал биш бололтой. В.Путин 2003 оны Сайд нарын зөвлөлийн нэгэн хурлын үеэр ам руугаа заагаад “Ийшээ хараад дуугүй сонсоцгоо. Хэнд сонин биш байна, тэр гарч явж болно шүү” хэмээсэн байдаг. Энэ бол өөрийн бий болгосон асар том багтай, түүндээ итгэлтэй, зангарагтай улстөрчийн амнаас унах үг. Харин Ерөнхий сайд өнөөдөр ингэж хэлж чадах болов уу.
Хуучин арга барилаар бол С.Батболд намынхаа 309 хороо, түүний задрал 1626 анхан шатны байгууллагыг атгасан, бүр тулж ажилладаг байх учиртай. Түүний хэлсэн үг бүхэн тэр жижиг байгууллагуудад торох юмгүй хүрч байх ёстой. Тэд түүний үгийг дуугүй хүлээн авч биелүүлж байх хэрэгтэй. Дээр нь намын Удирдах зөвлөлийг өөрийн итгэлт шадар хүмүүсээр хүрээлүүлсэн байх ёстой. Хүний баг дээр өөрийн арга барилаар ажиллах нь МАХН-ын даргын хувьд эрсдэлтэй гэж хэлж болох ч С.Батболд тийм зүйлд ач холбогдол өгөхийг хүсэхгүй нь бололтой. Тэр өөртөө итгэж байна. Өөрөөр хэлбэл, бусдын зуурсан кашыг өөрөө цэвэрлэх гээд үзэж тарах нь ээ.
Түүнд өнөөдөр тэргүүн эгнээний нөхөд буюу нам дахь “хөл нь” МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Шадар сайд М.Энхболд, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, У.Барсболд, Хотын дарга Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын намын хорооны дарга Б.Мөнхбаатар нар байна. Дандаа өмнөх дарга нарын томилгооноос тунаж үлдсэн найзууд. Мэдээж тэд одоохондоо нэг баг. Нэг цэг рүү зүтгэж яваа. Харин тэднээс Сү. Батболдыг огцорсон үед нь тулж, уруудсан цагт нь түших нь хэн байх бол. Ц.Мөнх-Оргил, Ж.Оджаргал нар яагаад харагдахгүй байна. Магадгүй тэгэхээс тэгэх гэж хууччуулын гараар шинэчлэлийг хийлгэх нь ч түүний шинэ арга барил байж мэднэ. “Хийж чадахгүй зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Хийж чаддаггүй зүйлдээ өөрийгөө соривол та өснө” гэж Рональд Э.Осборн хэлсэн байдаг. Үнэндээ С.Батболдын энэ арга сонирхолтой ч бас тэр хэрээрээ аюултай. Үл хөдлөх хөрөнгийн нууц нь “байршил, байршил, бас дахин байршил” байдаг шиг улс төрийн том намыг удирдахад “баг, баг, бас дахин баг” байдаг. Үүнд тэрбээр ач холбогдол өгөөгүйгээрээ магадгүй алдаж болох юм.
Мөн тэрбээр нөгөө намтайгаа хэрхэн учраа олж байгааг бас сонирхмоор санагдана. Ерөнхийлөгчтэй тэр маш амархан ойлголцож байгаа гэж саная. Тэд өмнө нь нэг баг болж хөөрхөн л тоглосон. Басах юм биш. Ардчилсан намынхан түүний нөхөд мөн үү. Яг одоо намын даргаа огцруулахаар улайрч буй Зүүний хүчний холбоотой ямархуу харилцаатай байгаа бол. Тэд Ерөнхий сайдын алхаж яваа талбайд багагүй мина булсан нь тодорхой. Гэхдээ Ардчилсан нам Засгийн газраас гарлаа гэхэд С.Батболдын хувьд алдах юм огт байхгүй. “Хохь нь ээ” гээд л цаашаа алхана. Харин ч тэдний оронд өөрийн хүмүүсээ кабинетдаа татан авах боломж бүрдэнэ. Засгийн газраас гарсанаараа Ардчилсан нам алдана. Хувьсгалт нам хожино.
Одоо С.Батболдыг минажуулсан талбайг хэрхэн эсэн мэнд гатлахыг харах л үлдлээ. Цаг үеийн ийм шуургыг хэн ч зогсоож чаддаггүй. Нөгөөтэйгүүр МАХН-ын “Хана хэрэм”-ийг давснаараа үеийнхэндээ үүд хаалгыг нь нээж өгөх юм. “Та нарын үе дууссан” гэж ярих нь шинэчлэл биш. Харин үеийг нь дуусгаж харуулах нь чухал. Үүнд л удирдагчийн чадвар, овсгоо, ухаан шаардлагатай. Сайн мина илрүүлэгчтэй бол минажүүлсэн талбайг гатлах юухан байхав дээ, уг нь.
У.ОРГИЛМАА
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин