“Цомог” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

“Цомог” үзэсгэлэн нээгдлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр МУЭ-ийн шагналт зураач, багш Б.Төмөрбаатар, МУЭ-ийн тэргүүний ажилтан, барималч Л.Гантөмөр нарын хамтарсан “Цомог” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Дүрслэх урлагийн өөр өөр төрөлд ажилладаг хэдий ч бодит дүрслэлийг гол болголгүй, уран сайхны оновчтой хэллэгийг эрэлхийлэн, энгийнээс урлагийг бий болгох, үндэсний урлагийн хэв шинжийг уламжлан хөгжүүлэх зэрэг бүтээлч хандлагууд нь хоёр уран бүтээлчийг нэгтгэж нэгэн цомог болгож байгаа нь энэ үзэсгэлэнгийн гол онцлог болжээ.

    Зах хязгааргүй орон зайд орших, эс оршихын утга учрыг тайлах нэгэн үзүүрт хүсэл эрмэлзэлд хөтлөгдсөн Б.Төмөрбаатарын абстракци зургууд далд чанад хэллэгтэй, өнгө, гэрэл сүүдэр зохиомжийн уран шийдэлтэй байдаг бол Л.Гантөмөрийн ухан баримлууд нарийн тоочсон дүрслэлгүй маш ерөнхийлсөн хэллэгтэй ч зохиомжийн хэсэг бүр нь гол утга санаагаа илэрхийлэх хүчтэй өгүүлэмжтэй болж, бодит, донжтой, дотоод сэтгэлийн илрэлтэй дүрүүдийг гаргаж байдгаараа онцлог юм. Абстракци чиглэлийн тосон будгийн бүтээлүүдээс гадна Б.Төмөрбаатар зураач пастель, усан будаг зэрэг техникийн өргөн хүрээнд ажилладаг бөгөөд мөн сонгодог реалист арга барилаар бүтээлчээр ажилладгийг сүүлийн үед хийгдсэн, энэхүү үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа байгалийн зургууд нь харуулах юм.
    Энэхүү үзэсгэлэн энэ сарын 15-21-нийг дуустал дэлгэгдэнэ.

    Г.Даша

            

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж