
Ц.Бямбацогт нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Хуучнаар ЗХУ-ын Ташкентын Их сургууль, МУИС-ийг тус тус төгссөн. Хууль зүйн магистр зэрэгтэй.
Мөн тэрбээр Шүүх яамны хууль боловсруулах системчлэх хэлтэст мэргэжилтэн, Олон улсын геологийн экспедицийн хуулийн зөвлөх, бүрэн эрхт төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга, Геологийн яаманд хуулийн хэлтсийн зөвлөх, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Улаанбаатар хотын прокурорын газарт хяналтын прокурор, Баянгол дүүрэгт ахлах прокурор, Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд хяналт шалгалтын хэлтсийн дарга зэрэг албуудыг хашч байгаад 2009 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч даргаар ажиллаж байгаа.
Ц.Бямбацогтын ажил хэргийн чадвар, мэргэшил, төрийн албаны дадлага туршлага, ёсзүйн байдал, Прокурорын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан зэрэг байдлыг харгалзан, Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн ийнхүү Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилох саналтай байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-д өргөн мэдүүллээ.
Г.Дарь