“Челси” 5:0-ээр “Портсмут”-ыг бут ниргэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

“Челси” 5:0-ээр “Портсмут”-ыг бут ниргэлээ

“МанЮ”-гаас дөрвөн оноогоор хоцорч, Премьер лигийн хүснэгтийн хоёрдугаарт бичигдээд байсан Лондонгийн “Челси” өнгөрсөн шөнө “Портсмут”-ыг талбай дээр нь бут ниргэлээ. Дидье Дрогба, Флоран Малуда нар дубль хийж, дээр нь Фрэнк Лампард өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар “Цэнхрүүд” 5:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, дасгалжуулагч Карло Анчелоттигийн дарамтыг бага ч боловч хөнгөлжээ.

Тооны харьцааг нээсэн Дрогбагийн гоол 32 дахь минутад орсон бөгөөд Английн шигшээ багийн хаалгач Дэвид Жеймсийн алдааны улмаас Дрогба хоосон хаалга руу бөмбөг оруулсан байна. Тоглолтын хоёрдугаар хагас дөнгөж эхэлсний дараахан Малуда Лампардын дамжуулалтаар эхнийхээ гоолыг оруулсан бөгөөд арван минутын дараа дахин гоолдсоноор талбайн зочид 3:0 харьцаатай хошуучилж эхэлжээ. Удалгүй Дрогба дубль хийж, Лампард тоглолтын эцсийн гоолыг оруулснаар тоглолт 5:0 харьцаатай өндөрлөсөн байна. Ийнхүү “Портсмут”-ын талбайгаас гурван оноо авснаар “Челси” 68 оноотой болж, “МанЮ”-гаас ердөө ганцхан онооны зөрүүтэй, хоёрдугаарт бичигдээд байгаа юм.
Мөн энэ үеэр “Манчестер Сити” улирлын тоглолтууд эхэлснээс хойш анх удаагаа талбай дээрээ ялагдал хүлээж, “Эвертон”-д 2:0 харьцаатай хожигджээ. Түүнчлэн “Вилла парк” цэнгэлдэхэд болсон “Астон Вилла”, “Сандерлэнд” нарын тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бол “Блэкберн” 2:1-ээр “Бирминхэм Сити”-г буулган авсан байна.

Өчигдөр болсон тоглолтын дүн:
“Астон Вилла” 1:1 “Сандерлэнд”
“Блэкберн” 2:1 “Бирминхэм”
“Ман Сити” 0:2 “Эвертон”
“Портсмут” 0:5 “Челси”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж