Төгрөг чангарвал өрсөлдөх чадварыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Төгрөг чангарвал өрсөлдөх чадварыг бууруулна

УИХ-ын нэгдсэн чуулган дээр өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж 2011 оны мөнгөний бодлогын талаар илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь доор нийтлэв.

-Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Улсын Их Хурал, Монголбанк, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнд эдийн засаг, банк санхүүгийн салбар хямралыг даван туулж, өнөөдрийн төдийгүй ойрын ирээдүйн тогтвортой өсөлтийн хөрс суурийг тавьж байна.  2010 онд эдийн засгийн өсөлт 7.5 хувьд хүрэхээр байна.  Хэрэв зуд болоогүй бол энэ үзүүлэлт 10 гаруй хувьд хүрэх байжээ.  2011 онд эдийн засгийн өсөлтийн ийм хурдац хадгалагдаж, цаашид нэмэгдэх төлөв харагдаж байна. 

Монголбанк төрийн мөнгөний бодлогыг манай эдийн засгийн өсөлтийг зөвхөн тухайн жилд төдийгүй дунд болон урт хугацаанд бэхжүүлэн тэтгэхэд чиглүүлэн явуулж байна.  Зудын хор уршгаар энэ оны эхнээс махны хомсдол үүсч үнэ нь өссөн, нийгмийн халамжийн мөнгө тараасан шалтгаанаар инфляцийн түвшин эрс нэмэгдэн олон нийтийн хүлээлтийг эвдэж, улмаар суурь инфляци өсч эхэлсэн нь макро эдийн засгийн бодлогын нэн тулгамдсан зорилт болж хувирсан билээ.
Монголбанк 2009 оны дунд үеээс сулруулсан мөнгөний бодлогоо аргагүйн эрхэнд чангатган бодлогын хүүгээ нэг нэгж хувиар нэмэгдүүлсэн юм.  Үүний дээр Засгийн газар махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсны дүнд инфляци эргэн буураад байна. 

Ийнхүү макро болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалж чадсаны үр дүнд санхүүгийн зах зээл болон бизнесийн итгэл сэргэж, зээлийн тасалдал зогсож, нийт мөнгөний нийлүүлэлт эхний найман сарын байдлаар 40 гаруй хувиар, зээлийн өрийн үлдэгдэл 16 хувиар нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулж байна.

2011 онд төсвөөс хэрэглээг тэтгэсэн санхүүжилтийн хэмжээ эрс өсч буй, нөгөө талаас мөнгөний нийлүүлэлтээр хувийн секторын өсөлтийг дэмжих шаардлага их байгааг харгалзан инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүйгээр мөнгөний бодлогоор эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилт дэвшүүлж байна.  Ингэснээр банкны системээс эдийн засагт олгох зээлийн хэмжээг 25 хувиас доошгүй нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.  Энэ нь 2011 онд төлөвлөж буй найман хувийн өсөлтийг хангах нэн чухал нөхцөл байх болно.  Нөгөө талаас инфляци 10-аас дээш хувиар өсвөл монголчуудын амьжиргааг ядууруулж, эдийн засгийн дунд болон урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хор уршигтай байхыг онцлон тэмдэглэж байна.  Дээр дурьдсан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нэн чухал нөхцөл нь төсөв Засгийн газраас өргөн барьж буй түвшиндээ батлагдан хэрэгжих явдал гэдийг өнөөдөр ил тод хэлэх хэрэгтэй байна.  Төсвийн үзүүлэлтүүдэд томоохон өөрчлөлт орвол мөнгөний бодлогыг түүнтэй уялдуулан тодотгохоос өөр аргагүй болдгийг бид мэдэх билээ.

Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийг гадаад валютад чөлөөтэй хөрвөж байх бодлого баримталж байна.  Энэ бодлогын хүрээнд ханшийн огцом хөдөлгөөнийг зөөлрүүлэх, валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч ирлээ. Одоо Монгол улсын валютын нөөц 1.6 тэрбум ам.долларт хүрээд байна. 2011 онд болон ойрын ирээдүйд ханшийн ийм уян хатан бодлогоо үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  Манай улсын төлбөрийн урсгал тэнцэл алдагдалтай, харин санхүүгийн болон хөрөнгийн дансны ашгаар төлбөрийн тэнцэл нөхөгдөж байна. Энэ байдал 2011-2012 онд хадгалагдаж 2013 оноос өөрчлөгдөхөөр байна.  Ойрын хоёр жилдээ төгрөг алгуур чангарах ч тогтвортой байхаар байна.  Харин 2013 оноос валютын урсгал эрс нэмэгдэж төгрөг чангарах дарамт ихээхэн өсөхөөр байна.  Тэр үед төгрөг огцом чангарвал манай эдийн засгийн өрсөлдөх чадварыг гадаад төдийгүй, дотоод зах зээл дээр бууруулах нь тодорхой. Тийм учраас энэ асуудлыг тал бүрээс нь судалж сөрөг үр дагаврыг арилгах  бүх талын арга хэмжээг цаг алдалгүй авч эхлэх хэрэгтэй байна.

Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 2010 онд гадаадын шууд болон санхүүгийн хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал огцом нэмэгдэж, урсгал тэнцлийн алдагдлыг нөхөөд зогсохгүй улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж байна. Төлбөрийн тэнцэлд гарч буй энэ өөрчлөлт санхүүгийн дотоодын зах зээлд өвөрмөцөөр илэрч байна.  Хөрөнгийн дотогшлох урсгалын өсөлт  дотоодын банкуудын хөрвөх чадвар өндөртэй активыг, улмаар банкуудын эзэмшиж буй ТБҮЦ-ыг нэмэгдүүлэх нэг нөхцөл болж байна. Нөгөө талаар хөрөнгийн урсгалын өсөлт нь дотоод эдийн засгийн бизнесийн идэвхжил, хувийн секторын эрэлтийг нэмэгдүүлэн мөнгө үржих процессоор дамжин банкны системийн эх үүсвэрийг нэмэгдүүлдэг тул энэхүү нөөцийг зээлд бүрэн дайчилна гэдэг нь бодит байдалд нийцэхгүй төдийгүй банкуудын хөрөнгийн зохистой удирдлагыг алдагдуулахад хүргэх талтай байна. 

Харин Засгийн газар төсвийн алдагдлаа Төв банк эсвэл гадаадаас зээлэх бус, банкны салбарт буй энэ сул чөлөөтэй хөрөнгийг татан нөхөж болохоор байна. Нөгөө талаас үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоо хэрэгжүүлэх ажилдаа Засгийн газар шууд оролцон үлгэрлэх хэрэгтэй байна.  Засгийн газрын үнэт цаасны тогтмол зах зээл бий болох нь манай санхүүгийн зах зээлийн жишгийг тогтоож, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чухал нөхцөл болох учиртайг энд дурдъя.  Монголбанк үнэт цаасныхаа хугацааг уртасган санхүүгийн зах зээлд тогтвортой урт хугацааны эх үүсвэр бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.

Санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банкны салбарт ноогдож буй нь өнөөдрийн бодит үнэн, манай нэг эмзэг байдал юм. Энэ удаагийн санхүү, эдийн засгийн хямралаас дэлхий нийтээрээ авч буй гол сургамж нь банк, санхүүгийн салбарын найдвартай байдлыг хангах нь макро тэнцвэрээс дутахааргүй чухал гэдэгт оршиж байна.  Үүнтэй уялдан дэлхий нийтээрээ эдийн засаг, санхүүгийн салбарын хэмжээнд зохистой харьцааны шалгуурыг тогтоож бодлогодоо тусгаж байхад их ач холбогдол өгч байна.  Банкны салбарын тухайд зээл татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө тодорхой хувиас давахад зээлийн хөөрөгдөл үүсч, зээл авсан аж ахуйн нэгжүүд хэт өртөж, хөрөнгийн үнэ хөөсөрч хямралын суурийг бэлтгэж байна гэсэн дүгнэлт, судалгаа гарч байна. Монголбанк банкны салбарын зохистой байдлын шалгуурыг тогтоож, бодлогодоо ашиглаж байх анхны алхмыг 2011 оноос хийж эхлэх зорилготой ажиллаж байна.

Санхүү, эдийн засгийн хямралын нөгөө нэг чухал сургамж нь банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн эрдсэл даах чадварыг нь дээшлүүлэх зорилт болоод байна.  Базелийн хороо энэ асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрч банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг өндөрсгөлөө. Энэ сургамж, чиглэл манайд бүр ч чухал ач холбогдолтой болоод байна. Банкны салбарын хэмжээгээр өөрийн хөрөнгө хямралын өмнө 450 тэрбум төгрөг байснаа одоо 200 гаруй тэрбум төгрөгт хүрч буураад байна.  Эдийн засаг сэргэхийн хирээр чанаргүй зээлийн хэмжээ багасаж байгаа боловч банкны салбар, тэр дотроо нэр бүхий тодорхой банкууд өөрийн хөрөнгийн дутагдлаас гарахад ихээхэн хүч нөөц, цаг хугацаа шаардлагатай байна.  Банкны үйл ажиллагаааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд өөрийн хөрөнгөнд үндэслэн тогтоогддог. Тухайлбал нэг зээлдэгчид олгох зээл өөрийн хөрөнгийн 20 хувиас, холбогдох 1 этгээдэд олгох зээл 5 хувиас, холбогдох этгээдүүдэд олгосон нийт зээл 20 хувиас хэтрэхгүй байхаар журамлагдсан байдаг. Банкны өөрийн хөрөнгө бага байх нь манай томоохон аж ахуйн нэгжийн хэрэгцээг хангах хэмжээтэй зээл олгох боломжийг хязгаарлаж эцэстээ олон банк дамжуулан зээл гуйх, гадаад зах зээлд хандахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.  Эдгээр шалгуурыг хангаж ажиллах нь  банкинд хичнээн чухал болохыг Анод, Зоос банкны дампуурсан байдал харуулж байна.

Монголбанк банкны шинэ хуулийг хэрэгжүүлэн эдгээр шалгуур үзүүлэлтийг тогтоох аргачлалыг боловсронгуй болгон, хэрэгжилтэнд нь тавих хяналтаа чангаттгаж байна. Банкны өөрийн хөрөнгийн өнөөгийн түвшин банкны салбарын найдвартай ажиллагааг эмзэг болгоод зогсохгүй хуримтлагдаад буй санхүүгийн  эх үүсвэрийг бүрэн дүүрэн ашиглахад саад болох хандлага ажиглагдаж байна. Нэг үгээр хэлэхэд банкны салбар эдийн засгийн хөгжлийн шаардлага, хэрэгцээнээс хоцрох хандлагатай байна.  Манай улсын аж ахуй нэгжүүдийн гадаадаас авсан зээлийн хэмжээ 715 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оноос 72 хувиар өсөөд байгаа нь үүний нэг нотолгоо болж байна.

Өнөөдөр банкинд буй бүх харилцах, хадгаламжийг төр батлан дааж байна. Хямралыг ийм арга хэмжээ авалгүйгээр даван гарах боломжгүй байсан хэдий ч бид даатгалын эрүүл саруул тогтолцоонд шилжих хэрэгтэй байна. Монголбанк холбогдох хуулийн төслийг боловсруулах, бэлтгэлийг хангах ажлыг Засгийн газартай хамтран хийж байна. Бүхнийг хамарсан даатгалаас сонгодог тогтолцоонд шилжих нь хэд хэдэн жил дамжуулан үе шаттайгаар хийх амаргүй ажил болох нь улам бүр ойлгогдож байна. Энэ чухал шилжилтийг амжилттай хийх үндсэн нөхцөл нь бүх банкийг чадваржуулж, эрүүл тунгалаг үйл ажилллагаатай болгон банкны салбарыг бүхэлд нь эрсдлээс ангижруулсан байх явдал юм. Энэ бүгдэд үндэслэн 2011 онд банкуудыг чадваржуулахад онцгой ач холбогдол өгч бүх талын арга хэмжээ авах шаардлагатай байна.

Засгийн газар Хөгжлийн банк байгуулахаар ажиллаж байна. Манай эдийн засгийн хөгжил түргэсэхийн хирээр Хөгжлийн банкны шаардлага, хэрэгцээ цаашдаа өсөхөөр байна. Хэдийгээр манай анхны хувьцаат банкууд болох Анод, Зоос банк дампуурсан муу туршлага байгаа ч гэсэн банкыг хувьцаат компаний хэлбэрт шилжүүлэн өөрчлөх, ийм банк үүсэн бий болох нөхцлийг бүрдүүлэх зорилт тулгарч байна. Эдгээр байдлыг бодолцон банкны хуулинд хөгжлийн болон хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Зээлийн хүү бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нэн ялунгуяа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүртээмжтэй үйлчлэх зорилт манай салбарын өмнө тавигдаж байна.  2009 оны 8 дугаар сард төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 23.7 хувьд хүрч байсан бол энэ оны 9 дүгээр сард 19.4 хувьд хүрч 4.3 нэгж хувиар буураад байна. Энэ чиглэлд ахиц дэвшил гарч буй ч амьдрал, хөгжлийн шаардлагаас хоцорч байгаа нь үнэн билээ. Монголбанк бизнесийг дэмжих ажлын хүрээнд дунд хугацаанд зээлийн хүү бууруулах төлөвлөгөөг Засгийн газартай хамтран боловсруулж байна. Амьдрал уруу гүнзгий орохын хирээр энэ зорилтыг хангахын тулд макро, микро бүх түвшинд олон асуудлыг шийдэх хэрэгтэй болох нь тод харагдаж байна.  Тухайлбал, инфляцийг маш бага түвшинд тогтворжуулах, банкуудыг бэхжүүлэх, хадгаламжийн даатгалын сонгодог тогтолцоонд шилжих, зээлийн баталгааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, жижиг зээлийн баталгааны сан бүрдүүлэх гэх мэтээр маш олон талыг хамруулан иж бүрнээр хандах хэрэгтэй байна.  Монголбанк энэ асуудалд онцгой ач холбогдол өгч олон улсын санхүүгийн байгууллагад хандаж байна. 

Хөрөнгө эх үүсвэр шаардахгүйгээр хийчих ажил ч байна.  Банк барьцаат хөрөнгөөр нь зээлээ барагдуулж чадахгүй хугацаа алдаж буй нь зээл олгох олон боломжийг өнгөрөөж, барагдуулах боломж бүхий олон төлбөрийг хойшлуулан ингэснээр зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банкны эрсдлийг удирдах боломж багасч, эцэстээ хүү бууруулахад ноцтой садаа болж байна. Тийм учраас зээлийн баталгааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүхийн болон шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай болгох талаар арилжааны банкуудаас удаа дараа тавьдаг хүсэлт, саналд анхаарлаа хандуулахыг Их Хурлын эрхэм гишүүдээс зориуд хүсч байна. 

Энэ онд МонголУлсад “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г бий болгоснорх төлбөрийн картын гүйлгээг банк хооронд 24 цагаар тасарлтгүй дамжуулах клирингийн үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.  Монгол улсын төлбөр тооцооны системийн тасралтгүй найдвартай байдлыг хангахын тулд банк хоорондын их дүнтэй төлбөр тооцооны “Банксүлжээ” системийг гэнэтийн осол, давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр ажиллах боломжгүй болсон нөхцөлд ашиглах “Зайн нөөц төв”-ийг байгуулан Монголбанкны үйл ажиллагааг шилжүүлэх нөхцлийг бүрдүүлээд байна.  Цаашид системийн энэ нөөц төвийг нийт оролцогчидтой холбох орчныг бүрдүүлэх, банк хоорондын бага дүнтэй гүйлгээг дамжуулж, боловсруулах програм хангамжийг онлайн горимд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгууллахаар банкуудтай хамтран ажиллаж байна.

Монголбанк Мөнгөний бодлого, банкны салбарын тухай олон нийтэд сар тутам тогтсон өдөрт мэдээлж байгаа нь санхүүгийн захын тодорхойгүй байдлыг арилгах, улмаар эрсдлийг бууруулах, хүлээлтийг удирдахад нааштай үр нөлөөг үзүүлж байна.  Цаашдаа ч нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэж бодлого шийдвэрийнхээ эерэг болон сөрөг талыг байнга олон нийтэд хүргэж, Төв банк, төрийн мөнгөний бодлогод тэдний  итгэх итгэлийг бэхжүүлэхийн төлөө ажиллах болно. Төрөөс 2011 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж, баталж өгөхийг хүсье гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж