Нэг талт эдийн засгаас-олон талт эдийн засаг руу

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Нэг талт эдийн засгаас-олон талт эдийн засаг руу

"Бид нэг талт
буюу дан ганц мал аж ахуйд суурилсан эдийн засгаар хөгжихгүй юм байна гэдгийг
ойлгож, олон талт эдийн засагт тулгуурлан хөгжих стратеги төлөвлөгөө гаргаад
амжилттай хэрэгжүүлж байна” гэж Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга
К.Болат Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний багынханд ажлаа танилцуулах үеэр
хэллээ.

 Сагсай сумын
олон талт эдийн засгийн бодлого нь үнэхээр үр дүнгээ өгч, хүн ам нь ажилтай
орлоготой, амьдрал ахуй нь өөдрөг байгаа нь харагдаж байлаа.

 Тус сумынхан
юуны өмнө газар тариалан эрхлэх хөдөлгөөн өрнүүлж, сумын 285 айл өрх бүрт
бүгдэд нь газар эзэмшүүлжээ. Одоо сумын өрх бүр төмс хүнсний ногоогоор
хэрэгцээгээ хангаад зогсохгүй, зэргэлдээ сумдад борлуулалт хийдэг болсон байна.
Ногоогоо малаар сольж, малтай болсон айл өрх ч цөөнгүй. Ирэх жил 1000 га газарт
услалт хийх төлөвлөлөө гаргажээ. Усалгаатай газар тариалан эрхлэхийн зэрэгцээ
малын багсармал тэжээл тариалж байна. Өнгөрсөн жил 12 төрлийн тэжээлийн ургамал
Сэлэнгэ аймгаас авчирч суулгаж туршаад, ирэх жил дөрвөн төрлий нь тариалахаар
болжээ.

Сагсай сум
бэлчээрийн менежментээрээ улсын шилдэг сумаар шалгарчээ. Мөн НҮБ-аас зарласан
“Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” уралдаанд шалгарч 50 сая төгрөгийн дэмжлэг авсан
байна. Энэ хөрөнгөөр уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнийг хийж, зах зээлд
нийлүүлсэн нь ашгаа өгч одоо сумын орлогын нэг чухал эх үүсвэр болоод байна.

 

Сумынхны
санаачлага үүгээр зогсохгүй. Тэд жил бүрийн
аравдугаар сард сумандаа
“Бүргэдийн баяр” хийдэг болжээ. Өнгөрсөн жил л гэхэд 17 орны 180 орчим жуулчин,
казах түмний бахархал болсон бүргэдийн баярыг үзэхээр ирж, нутгийн иргэдэд
багагүй орлого оруулжээ. “ Одоо цэвэр усны үйлдвэртэй болох гэж байгаа. Манай
суманд ирдэг жуулчид усаа эндээс худалдаж авч ууг л дээ” гэж сумын засаг дарга
К.Болат ярьж сууна. 


Сагсай суманд мөн улаан тоосгоны үйлдвэр ажиллаж, 50 хүн байнгын ажилтай байна.
Үйлдвэр багадахгүй, дахиад сүү цагаан идээний үйлдвэр ажиллуулж, чацаргана
тариална гэж сумын удирдлага хэлсэн. 


Сумын хэмжээнд 12 хоршоо ажиллаж байна.

 Баян-Өлгий
аймгийн Сагсай сум ийнхүү хийж бүтээх арвин санаачлага, бүтээлтэйгээр Наурызын
баяраа угтсан байна. Сумын ажил байдалтай танилцсан Ерөнхийлөгч “Сагсайчууд
бусдадаа үлгэр жишээ үзүүлж, санаачилж , хөдөлмөрлөж, амьдрал ахуй нь дээшилж
байгааг сонсоход сайхан байна. Бид сайн санаачлагыг дэмжиж ажиллах болно. Манай
улсын газар бүрт иргэд ингэж санаачилж, хөдөлмөрлөдөг байгаасай” гэлээ  хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон
нийттэй харилцах албанаас дамжууллаа.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж