
“Хөдөлмөр хөгжлийн үндэс” сэдвийн дор болж байгаа хөдөлмөр эрхлэлтийн анхдугаар чуулганд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Тэрбээр чуулганд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “Хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг нь Монгол хүн бүр ажилтай болгох явдал юм. Хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрийн чадвартай Монгол хүн бүр ажлын байртай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Ажлын байрны өсөлт нь ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг багасгахад хамгийн их нөлөөлдөг. Ойрын жилүүдэд уул уурхай, боловсруулах салбаруудад 40 мянган ажлын байр бий болно гэсэн судалгаа бий. Энэ нь манай нийт бүртгэгдсэн ажилгүйчүүдийг ажилтай болгохуйц тооцоо юм. Гол нь эдгээр ажлын байранд тэнцэх хүнийг бэлтгэх асуудал чухал. Тиймээс Засгийн газраас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Төрөөс болон Мянганы сорилтын сан, ажил олгогч компаниудын зүгээс санхүүжилт гарч Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдийг жинхэнэ утгаар нь ажиллуулах, ажлын байр идэвхтэй хайж байгаа залуусыг нийслэл болоод хөдөөгөөс квотоор элсүүлэх, зах зээлийг холбоход чиглэсэн ажлууд идэвхтэй өрнөж байна. Тиймээс төрөөс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хувь хүмүүс өөрсдөө хичээж, бүтээлч, өндөр бүтээмжтэй байх учиртай гэсэн юм.
Мөн уул уурхай, өндөр технологи, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад шинэ техник технологи, материал ашиглаж машин тоног төхөөрөмж ажиллуулж чадахуйц мэдлэгтэй, ур чадвартай, бүтээлч багш, эмч, инженер, техникийн ажилчид эрэлт хэрэгцээтэй байна. Нийгмийн халамжаас, улсын төсвөөс тэжээгддэг бус харин “бүтээгч монгол”, хөдөлмөрч хүнийг бид төлөвшүүлэн хөгжүүлэх ёстой гэж Засгийн газар үзэж байгаа. Бүтээгч монгол хүнийг нийгмийн дундаж давхарга болгон төлөвшүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн өмнө тулгамдаад байгаа маш олон асуудалд шийдэл олох боломжтой. Цалин хөлсийг аажмаар нэмэгдүүлж Монгол хүн гадаадад авч байгаа цалинг эх орондоо авдаг болгох, цалин хөлсийг бүтээмж ур чадвартай холбох систем бий болгох, ерөнхий боловсрол дунд сургууль болон их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг ажлын байрны эрэлт хэрэгцээтэй уялдуулах. Ажлын байрыг шинээр гаргагч болсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тууштай дэмжиж, ажлын байраа нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлдэг болох шаардлага бий гэдгийг ч онцлон тэмдэглэсэн юм.
Г.Дарь