
Авсан цалингийнхаа тодорхой хувийг нийгмийн даатгалд суутгуулчихдагтаа олон хүн сэтгэл дундуур байх нь бий. Нийгмийн даатгалын санд шимтгэл төлснөөр даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болсон тохиолдолд өөрөө тэтгэвэр тэтгэмж авдаг. Харин даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгдөг гээд олон талын ач холбогдолтой. Гэсэн хэдий ч зарим иргэд ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр нийгмийн даатгалаа цаг хугацаанд нь төлөөгүй, байгууллагаас нь даатгалын хураамжийг төлж байгаа эсэхийг хянаж байгаагүй зэргээс үүдэн даатгалын үйлчилгээг авч чадахгүй тохиолдол гардаг. Үүнийг холбогдох хүмүүс нь тухайн хүний өөрийн хариуцлагагүй байдал, нийгмийн даатгалд ач холбогдол өгөөгүйн буруу гэдэг юм билээ. Хамгийн наад захын жишээ гэхэд л банкнаас зээл авахад зарим тохиолдолд нийгмийн даатгалаа цаг хугацаанд төлж байсан эсэхийг нягталдаг явдал. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт ч иргэд энэ асуудлаар олонтаа ханддаг гэнэ. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд цаг тухайд нь төлж байгаагүй бол нөхөн төлөх боломж байдаггүй.
Манай улсад сард дунджаар 304 мянган хүн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг гэсэн судалгаа бий. Нийгмийн даатгал нь тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан даатгал, ажилгүйдлийн даатгал гэсэн таван төрлөөс бүрддэг. Энэхүү таван төрлийн даатгалын сангийн орлогыг 3000 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 600 гаруй мянган ажилтны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл бүрдүүлдэг байна. Нийгмийн даатгалын санд сард ойролцоогоор 28-29 тэрбум төгрөгийн орлого ордог аж. Энэ орлогоос сард давхардсан тоогоор нэг сая 700 мянга орчим иргэнд нийгмийн даатгалын сангаас 38 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, тусламж, төлбөрийг олгодог аж. Ингэхдээ нийт зардлын 70-аас илүү хувийг бүх төрлийн тэтгэвэрт зарцуулдаг байна. Хөдөлмөрийн чадамжаа түр алдсан, жирэмсэн болон амаржсан эхийн, нас барсан хүний оршуулгын тэтгэмжид сардаа хоёр тэрбум орчим төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжид 0.7 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжид 1.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 6.1 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын сангаас зарцуулдаг байна.
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Дашнямаас хувиараа хөдөлмөр эрхэлдэг, байгууллагаас цалинждаггүй иргэд нийгмийн даатгалд хэр хамрагддаг талаар лавлахад “Манай байцаагчид зах, худалдааны төв зэрэг хувиараа бизнес эрхлэгчид олон байдаг газруудаар явж нийгмийн даатгалын ач холбогдлыг иргэдэд ойлгуулж, сурталчилдаг. Одоогийн байдлаар эдгээр иргэдийн 70-80 орчим хувь нь даатгалд хамрагдсан байгаа. Тодорхой эрхэлсэн ажилгүй, гэр оронгүй, даатгал төлдөггүй иргэдийн даатгалыг улсаас төлөх асуудлыг хэлэлцэж байгаа нь зөв алхам” гэсэн юм.
Т.УРАНГЭРЭЛЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин