Уурхайчдыг аврах ажил амжилттай болсны дараа хэвлэл мэдээллийнхэн тэд нарын тухай наргианч хошин, баяр баясгалан бас сэтгэл эмзэглүүлсэн мэдээг хэвлэн нийтэлж эхэлсэн байна.
Хошин шог яриатай Педро Кортес. Чилийн албаны хүмүүс уурхайчидтай видео уулзалт хийх үеэр “Би ер нь уурхайн гүнд ийм удаан хугацаагаар байж үзээгүй юм байна” гэж газрын гадаргуу дээр түүний яриаг сонсч байсан албаны хүмүүсийг инээлгэж байсан удаатай ажээ. Кока-колад учиргүй дуртай энэ уурхайчин цахилгааны мэргэжилтэн бөгөөд уурхайн түнэр харанхуйг гэрэл цахилгаантай болгох ажлыг хариуцаж байсан гавьяатны нэгэн ажээ.
Esperenza/Итгэл,Найдвар/ охины аав. Газрын гүнээс гарсан 32 дахь уурхайчин Ариель Тикона 9 дүгээр сарын 14-нд төрсөн охин Итгэл Найдвартай учирч, амьд гарсны баяр баясгаланг амсчээ. 29 настай энэхүү аав өөрийн охиноо төрж буй видео бичлэгийг уурхайн гүнд үзсэн бөгөөд охиндоо Итгэл Найдвар хэмээх нэр өгөхийг хүсч байгаагаа уламжилжээ. Тикона уурхайн хүнд машин механизмын жолоочийн ажлыг эрхэлдэг байжээ.
Тикона зүгээр нэг жолооч бус Чилийн Их сургуулийн холбооны ангийн оюутан бөгөөд уурхайн гүнд болж байгаа үйл явдлыг гадагшаа дамжуулах гол үүргийг хариуцан ажиллаж байжээ.Тэрээр видео бичлэгт орохыг эрс эсэргүүцэж, хүмүүсийн гайхлыг төрүүлж байсан удаатай.
Эхнэр нь угтаж авахаас татгалзжээ. 70 хоног уурхайн гүнд хоригдсон эр нөхрөө угтаж авахаас авааль эхнэр нь татгалзсан тохиолдол гарчээ. Газрын гүнд хоригдсон уурхайчдын дунд “доктор” хэмээх эрхэм цолыг хүртсэн Ионны Барриосыг газрын гадаргууд 21 дэх уурхайчны тоонд орж, гарч ирэхэд эхнэр нь бус “найз” бүсгүй нь угтан авчээ.
28 жил хамт амьдарсан түүний эхнэр болох Марта Салинас нөхрийнхөө нууц амраг Сусана Валенсуэлад уурхайн гүнээс гарах цагаа мэдэгдэж, ирэхийг урьсан байсан гэсэн ял тулгажээ.
50 настай уурхайчин Барриос эмнэлгийн талаарх анхан шатны бүх мэдлэгээ гаргаж, уурхайчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, эм тариа хийх ажлыг
гардан хийж байсан тул “доктор” хэмээх эрхэм цолыг хүртсэн ажээ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг