
бусдын гарт алдсан иргэн Ц.Гончиг өчигдөр “Шударга Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржид та охиныг минь хөнөөсөн этгээдүүдийн шүүх хуралд суугаач”
гэж Сүхбаатар дүүргийн шүүхийн өмнө хоолой зангируулан хэллээ.
Тэрбээр хуулийн байгууллагуудын хаалгыг хоёр жил сахиж байгаа нэгэн. Бас
шүүхээс шударга ёс нэхэн ард түмнээсээ дэмжлэг хүсч Сүхбаатарын
талбайд гарын үсэг цуглуулан сар шахам суусан “тэмцэгч”. Түүнийг дэмжин
“Хэрлэнчимэгийн хэрэг” гэгчийн золиос болж амиа алдсан охины хойноос
шударга ёс нэхсэн хүн бүрийн гарын үсэг талийгаачийн жаазтай зурагны ард
мөнхөрсөн аж. Ийн талийгаачийн аав иргэдтэй хамтран “Хүний амь
хөнөөсөн этгээдүүдэд ял оноох ажиллагааг бүү хойшлуулаач” гэж шаардсан
ч 15 настай охиныг найзуудтайгаа бүлэглэн хөнөөсөн Ө.Хэрлэнчимэгт
холбогдох хэргийг Монголын шүүх хэлэлцэхээс дахин халгалаа. Сүхбаатар
дүүргийн шүүх өчигдөр хаалттай хурлаараа Ө.Хэрлэнчимэг түүний найз
залуу Ж.Очбадрах болон Ү.Ганболд, С.Гантуяа, Д.Сарантуяа, К.Тэмүүжин,
Ж.Очмандах, Д.Отгонжаргал нарт холбогдох хэргийг хэлэлцэх тов
гаргасан байлаа. Гэсэн ч шүүгдэгч Д.Сарантуяагийн өмгөөлөгч ирээгүй
гэх шалтгаанаар энэ сарын 27-ныг хүртэл хойшиллоо.
Хэргийн талаар шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлгээс тоймлоход, 2008 оны
долдугаар сарын 18-ны үдэш дээрх залуус төрсөн өдөр тэмдэглэх үдэшлэг
зохион байгуулжээ. Хохирогч үдэшлэгт Ж.Очбадрахын дэргэд суусан нь
Ө.Хэрлэнчимэгийн дургүйг хүргэсэн аж. Ө.Хэрлэнчимэг талийгаачийг найз
залуутайгаа хардан даашинзных нь бүсээр боомилоход найз залуу нь “Чи
наад охиноо алаад надад хайртайгаа баталчих. Чадах юм уу” гэж бассан
тухай гэрч мэдүүлжээ. Мөн Ө.Хэрлэнчимэг “Үүнийг хашраахад надад
туслахгүй бол дэмий шүү” гэх мэтээр найзуудаа дарамталж охиныг бүлэглэн
хөнөөжээ. Хүний амиар хайр сэтгэлээ баталсан охин найз залуутайгаа
хөтлөлцөөд бусдыгаа дагуулан мөрдөнгийн ширээнд суусан. Өнгөрсөн
хугацаанд Ө.Хэрлэнчимэг найзуудтайгаа “Ганц худаг”-т биш гадуур сул
чөлөөтэй байсныг хохирогчид хэлдэг. Мөн өмгөөлөгч ирээгүй, өмгөөлөгчөө
сольсон, өмгөөлөгч нь ажлаа хийхээс татгалзсан гэх мэт шалтгаанаар
тэдгээр залуусыг шүүх хурал таван удаа хойшлоод байсан юм.
Талийгаачийн аав шүүх хурал хойшлуулж байгаа өмгөөлөгчдийн талаар
Өмгөөлөгчийн ёс зүйн хороонд хандсан. Гэсэн ч тус хороо өмгөөлөгчдөд
хариуцлага тооцох үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан. Ийн зугаа
цэнгэлийн золиос болгож бусдыг хөнөөсөн этгээдүүдээс хууль,
шүүхийн байгууллага халгаж байгааг хуулийнхны цус ойртолтын үр
дагавар гэж дүгнэхэд буруудахгүй. Учир нь Ө.Хэрлэнчимэгийн өвөө
насаараа хуулийн байгууллагад ажилласан генерал цолтой нэгэн
байжээ. Ээж нь өмгөөлөгчөөр олон жил ажилласан туршлагатай хуульч.
Тиймээс ч Ө.Хэрлэнчимэг талийгаач өвөөгийнхөө генерал мөрдэс,
өмгөөлөгч ээжийнхээ нүүрээр шүүх хурал хүртэл сул чөлөөтэй явсан. Бас
гэр бүлийнхэн нь хуулийнханд нөлөөтэй учраас шүүгчид танилын нүүрээр
Ө.Хэрлэнчимэгт энэрэнгүй хандана гэх хардлага ч байгаа. Шүүгдэгч
шүүхийн танхимд гэмшссэн янзгүй, найз залуутайгаа инээлдэн бохь
зажилж ирдэг нь дээрх хардлагыг хохирогчдод төрүүлдэг аж.
Хяналтын прокурор шүүгдэгчдэд Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар 15-20 жил хорих, эсвэл цаазаар авах ял төлөвлөжээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин