Мөнгөний бодлогыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монголбанкнаас авсан зарим арга хэмжээний хүрээнд 2010 оны төвшинд гадаад валютын нөөц 1.6 тэрбум ам.долларт хүрсэн, иргэдийн мөнгөн хадгаламж өмнөх жилийнхээс 34.6 хувиар өссөн, харилцах хадгаламж 73 хувиар өссөн зэрэг нааштай үзүүлэлт байгаа ч, арилжааны банкнуудын хүү өндөр хэвээр байгаа нь үйлдвэрлэл хөгжих бололцоогүй болгож буйг гишүүд шүүмжиллээ. Тэр дундаа 2011 онд баримтлах мөнгөний бодлогод Монголбанк бодлогын хүүгээ бууруулах эсэх нь тодорхойгүй байгаа нь ирэх жилийн хувьд ч банк санхүүгийн салбараас нааштай зүйл харалтгүй нь гэдгийг шүүмжилж буй юм. Мөн Засгийн газраас иргэдэд бэлэн мөнгө их хэмжээгээр тарааж инфляцийг үйлдвэрлэж, төгрөгийг үнэгүйдүүлж буйг төв банкны зүгээс хэрхэн харж байна вэ гэдгийг тодруулж байна.

УИХ-ын гишүүн Б.Батбаяр:

-1.8 триллон төгрөгийг эргэлтэд оруулахгүйгээр хадгалж байна гэсэн. Түүнийг яагаад эргүүлж болдоггүй юм бэ. Зээл болгоод арилжааны банкууд руу оруулж болдоггүй юм уу, аж ахуйн нэгжүүд зээлээр дутагдаж, зарим нэг нь гаднаас зээл хөөцөлдөж авч байна. Яагаад төв банк хувийн хэвшлийг дэмжих тал дээр ажилладагггүй, цаг ямагт төрийг дэмжиж байдаг юм бэ” гэв.

Төв банкны ерөнхийлөгч хэлэхдээ арилжааны банкууд хуримтлуулсан хөрөнгийнхөө 70 хувийг зээлээр олгодог, үлдсэнийг нь байршуулах газаргүй байгаа. Энэ нь нэг талаараа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай нь харагдаж байгаа, нөгөө талаасаа арилжааны банкууд томрох, бүтцийг нь сууриар нь өөрчлөх гээд олон хүчин зүйлүүдээс шалтгаалж байгаа.  Зарим нэг шүүмжлэлийг хүлээж авч байна, түүн дээр ажиллах болно” гэсэн хариулт өглөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж