суулаа. Хэвлүүхэн гэгч нь цаасыг нааш цааш баруун зүүн зүгт нуглах нь
хэн ч харсан хайр татам. Эгдүүтэй төрхөнд нь далдлагдан байх хүүгийн
уйтгар гуниг хааяа нэг түүний нүдэнд илрэх хэдий ч хэр барагтаа л бол
хүмүүст үл анзаарагдам.
Эргэн тойрон нэг л сэрүүхэн байх шиг….
Ээждээ эрхлэн энгэрт нь тэврүүлэх хувьгүй дээ хүү амьдралд гомдож
байсангүй. Учир нь түүнд хамгаас хайрт аав нь байлаа. Хүү ч энийг
хамгийн ихээр ухаарч мэдсэн гэлтэй энэ жаахан биед баймгүй сэргэлэн
ажээ. Ямар нэг зүйлд сэтгэл нь шаналсан байртай орондоо хэвтэх эцгийгээ
харсанаа хүү асуулаа.
-Ааваа та хэзээ эдгэх юм бэ?
– Аав нь удахгүй эдгэнээ….тэгээд ээжийг чинь олж уулзана хэмээн
хоолой зангируулан хэлэх аавынхаа үгний цаад нарийн учрыг хүү нэг л
ойлгосонгүй.
-Ааваа та ээжийг тэнгэрт байгаа гэж хэлсэн шүү дээ. Ээж одоо үүлэн
дунд нисэж яваа. Тэгвэл та эдгэхээрээ нисдэг болохнээ хэмээн хүү хэлээд
амандаа Аав нисдэг болно ямар гоё вэ? би бас аав шигээ ниснэ дээ хэмээн
бувтнан хэлэхийг сонссон эцэг тэсэхүйеэ бэрх зовлонд унах мэт сэтгэл
зүрх нь урагдан цоорч, учир мэдэхгүй жаахан хүүгээ ээж ч үгүй, аав ч
үгүй үлдээнэ гэхээс яс нь хавталзана.