
Айлчлалын хүрээнд хоёр орны гадаад харилцаа, гадаад худалдааны сайд нарын уулзалт болж Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлүүдийн талаар ярилцаж “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Мөн түүнчлэн онцгой байдлын салбарт хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Санамж бичигт гарын үсэг зурав. Сайд нар уулзалт, хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон. Франц Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт байгаль орчин, усны салбарт хоёр төсөл хэрэгжүүлэхэд зориулж хөнгөлттэй зээл ус, байгаль орчны салбарт олгосон нь амжилттай хэрэгжиж байгаа аж. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянах лаборатори байгуулах төсөл хэрэгжиж дууссан тул өчигдөр хүлээлгэж өгөх ёслолд оролцжээ. Айлчлалын үеэр Монгол Улсын зүгээс тавьсан гол асуудлуудын нэг нь Монгол Улсад нэн даруй шаардагдаж байгаа хот суурин газрын усны бохирдол, хангамжийн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг өгч хамтран ажиллах, БНФУ хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлсэн туршлагыг судлах, эдгээр салбарт мөрддөг стандартуудыг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллах, өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдэд тулгуурлан дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулан ажиллах, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр тодорхой төсөл боловсруулан ажиллах зэрэг олон бүтээлч саналуудыг тавин ярилцлаа. Айлчлалын хүрээнд БНФУ-ын Засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд хатагтай Анн-Мари Идрак Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга С.Дэмбэрэл нарт бараалхаж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон хоёр орны хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, өргөтгөхийн чухлыг тэмдэглэсэн байна.
Н.Түвшин