
Сүүлийн үед нийслэлд танхайн гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Зөвхөн өнгөрсөн хоногт л гэхэд танхайн 15 хэрэг нийслэлд бүртгэгдэн, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Охид бүлэглэж эрчүүдийг дээрэмдэх, залуус бүлэглэж эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, зодож танхайрсан хэрэг нийслэлд өнжихгүй шахам гардаг болсон байна. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Сод монгол” ШТС-ын орчим энэ сарын 13-ны 14:00 цагийн үед 31 настай залууг 18-тай охид бүлэглэн зодож зугтаасан байна. Хохирогч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч А гэгч байсан аж. Харин сэжигтэн этгээд Ж нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн аж. Тодорхой эрхэлсэн ажилгүй Ж нь 18 настай бөгөөд уг хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэнээ мөрдөн байцаалтад хүлээгээд байгаа аж.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Оюутны гудамжинд зодоон болж байна гэсэн мэдээллийг энэ сарын 13-ны 03:00 цагт иргэд ирүүлсэн байна. Мэдээллийн мөрөөр Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 224-р чиглэлийн эргүүлийнхэн шалгаснаар Баягзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн 20 настай эмэгтэй А-г найзуутайгаа явахад нь Орхон аймгийн Баянцагаан сумын харьяат 22 настай Ц гэгч согтуурсан үедээ өдөн хоргоож, бусадтай бүлэглэн зодож, газар унагаан чирэн биед нь гэмтэл учруулан танхайрсныг илрүүлэн таслан зогсоосон байна.
Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд УБН 88-11 дугаартай хөх өнгийн Nissan Pajero машин алдагдсан байна. Тус хорооны Сот-3-ын байрны тоосгон гражид хулгайч орсон байна гэсэн мэдээллийг 10-р сарын 13-ны 08:35 цагт цагдаагийн байгууллагад мэдэгдсэнийг шалгаснаар иргэн Б-гийн эзэмшлийн уг гражийн цоожийг эвдэлж, машиныг нь хулгайлсан байжээ. Хэргийг ЗЦГ, НХЭГ-ын эргүүлүүдэд зарлан мэдээлж эрэн сурвалжлан БГДийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн “Бостон” клубын цайны газарт газ дэлбэрсэн байна. Баянгол дүүргийн 8 дугаар хороонд орших уг цайны газарт дэлбэрэлт болсон талаар энэ сарын 13-ны 13:25 цагт мэдээлэл ирснийг шалгаснаар уг цайны газар дахь "Дашваанжил" ХХК-ийн газийн бортогоны дамжуулах гуурснаас хий алдан гал гарч дэлбэрсэнийг тогтоосон байна. Галыг Аврах гал унтраах 10-р ангийн бүрэлдэхүүн унтраасан байна.
Хууль зөрчин мөрийтэй тоглодог иргэдийг саатуулсан байна. Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нэгэн байранд иргэд мөрийтэй тоглоом тоглоод байна гэсэн мэдээллийг энэ сарын 13-ны 23:00 цагт ирүүлснийг шалгахад, уг байрыг түрээслэгч 40 настай эрэгтэй М гэгч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн 35 настай эрэгтэй Б, 30 настай Л, Баянзүрх дүүргийн 23 дугара хороны иргэн 20 настай эрэгтэй Б нарын 8 хүнтэй мөрийтэй покер тоглож байсан илрүүлжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтэс