
Газрын доор 700 метрт хоёр сар гаран хоригдсон уурхайчдыг аврах ажил амжилттай дууслаа. Авралын хоолойгоор хамгийн сүүлд 54 настай чили уурхайчин Урзула гарч ирэх үед Гринвичийн цагаар өнөөдрийн 00:55 цаг болж байсан аж.( УБ-ын цагаар 8:55 ) Ийнхүү 33 уурхайчмд бүгд аврагджээ. Гайхалтай хүч чармайлт, эв санааны нэгдлийг олон улсад гайхан шагшиж олон орны удирдагч нар Чилийн ерөнхийлөгч болон ард түмэнд баяр хүргэсэн байна.
Жишээ нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама чилийн уурхайчдыг аврах ажиллагаа нь дэлхий дахиныг зоригжуулж, итгэл өгч байна гэж магтжээ.
Уурхайчдыг аврах ажил ид өрнөж байх тэр мөчид ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордоны Сарнай цэцэгийн хүрээлэнд хэлсэн үгэндээ “Америкийн нийт ард түмний нэрийн өмнөөс одоохондоо гарч амжаагүй байгаа чилийн уурхайчид эсэн мэнд гарч, гэр гэртээ очоосой гэж хүсч байна” гэжээ.
Обама дэлхийн сая сая хүмүүсийн нэгэн адилаар үүрээр эхэлсэн уурхайчдыг аврах ажлыг телевизээр анхааралтай харсан бөгөөд 19 дэх уурхайчныг аврах тэр мөчид аврах ажиллагааг магтаж, Цагаан Ордонд үг хэлсэн ажээ.
Ерөнхийлөгч Обама “Аврах ажиллагаа нь аврагчид, Чилийн засгийн газрын гаргаж буй хүчин чармайлт төдийгүй чиличүүдийн эв нэгдлийг харуулж, дэлхий дахинд урам зориг хайрласан үйл явдал боллоо” гэж онцлон хэлсэн байна.
Ерөнхийлөгч уурхайчдыг аврах үйлсэд хувь нэмрээ оруулсан АНУ-ын иргэдэд бас баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр NASA-гийн багийнхан уурхайчдыг авран гаргах бүхээгийг зохион бүтээж, өрөмдлөгийн ажилд оролцохоор Афганистанд ажиллаж байсан инженер хүртэл очсоныг дурдсан байна.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг