
Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн Ц.Мэндхүү: Ажлын олдоц муу байна. Үүнд олон төрлийн хүчин зүйлс нөлөөлж байна. Зарим тохиолдолд залуучуудын мэдлэг боловсрол нь дутдаг тал байдаг л байх. Ихэнх ажил олгогчид хэт өндөр шаардлага тавьж байна. Их дээд сургуулийг нь амжилттай дүүргэж, мэргэжил мэдлэгийг нь эзэмшсэн хүүхдүүдийг “Ажилласан жил байхгүй, туршлагагүй” гээд ажилд оруулахгүй байна шүү дээ. Ажил олгогч нар голчлон гурваас дээш жил ажилласан хүнийг л ажилд авах сонирхолтой байдаг. Үүнээс болж ажлын байрны олдоц муу байна. Манай нэг хүүхэд энэ жил СЭЗДС- ийг төгссөн ч ажилласан жил байхгүй гэсэн шалтгаанаар ажилд ороогүй гэртээ сууж байна.Түүнчлэн ажилд авахдаа амласан цалингаа өгөхгүй байна. “MCS” компани л гэхэд 250-280 мянган төгрөгийн цалин өгнө гэж ажилд авчихаад 130 мянган төгрөг өгч байх жишээтэй. Залуу хүмүүсийг ажилд авахгүй байхад тэтгэвэрт гарсан хөгшчүүдэд ажил олдоно гэж үлгэр болсон цаг шүү дээ. Наад зах нь л бид ажлын зар хараад очихоор “Та нарын үе өнгөрчихсөн байна, 35-аас доош насныхныг авна” гэдэг. Тэгсэн ч яг тэр насны хүмүүстээ ч амласан цалингаа өгч чаддаггүй, залуучууд болохоор нэрэлхээд анх амласан цалингаа нэхэж авахаас эмээдэг. Тэгээд нөгөө ажлаасаа гараад өөр ажил хийе гэхээр нөгөө л худалдагч, зөөгч мэтийн ажлууд л олдож байна шүү дээ. Бидний үеийнхэнд ч ажил хэрэгтэй байна. Бидэнд бүрэн боломж, ажлын туршлага байна.
Сайн хайвал ажлын байр байгаа
Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Жамсран: Ажил олох үгүй нь хувь хүний өөрийнх нь авхаалж самбаанаас л шалтгаалдаг болчихоод байна. Миний хувьд хувиараа дуу бичлэгийн студи ажиллуулдаг боломжийн гайгүй орлоготой байдаг болохоор гадуур ажлын байр хайж явсангүй. Одоо ажил хэр олдоцтой байдгийг ч сайн мэдэхгүй байна. Тухайн ажилд орохыг хүсч байгаа хүмүүс ажлаа өөрөө сайн хайвал ажлын байрны нөөц хангалттай байгаа байх. Хүмүүсийн өөрсдийнх нь ур чадвар, мэргэжил мэдлэг гэхчилэн олон зүйлээс ажилтай байх эсэх нь шалтгаална л даа.
Цагийн ажлыг гололгүй хийнэ
Улаанбаатар их сургуулийн оюутан З.Дагийранз, Ц.Анхбаяр: -Бид зуныхаа амралтаар ажил хийхээр хайдаг. Тэгээд зоогийн газар, ресторануудад орох гээд очихоор зөвхөн үндсэн ажилтан авна гээд оютнуудыг ажилд авдаггүй. Оютнууд ажилд орлоо гэхэд эцэг эх нь оройн цагаар ажилладаг , архи дарс уусан хүмүүстэй харьцдаг, зан нь эвдэрчихнэ гээд дургүйцдэг. Оюутнууд ч өөрсдөө амархан шантардаг. Бидний бодлоор хичээлийн бус цагаар ажиллах ажлын байр их байвал ажил гололгүй хиймээр л байдаг юм. Гэхдээ цагийн ажилд орлоо гэж бодоход жинхэнэ ажилтан нь биш учраас үндсэн ажилтнаасаа хэд дахин бага хөлс өгдөг. Төгсөнгүүтээ мэргэжлийн ажлаа хийе гэвэл таньдаг хүнээ л гуйж байж ажилтай болдог бололтой.
Таарсан ажлаа хиймээр л байна
Баянзүрх дүүргийн 14 р хорооны иргэн Т.Бадамханд: Би одоо ажилгүй гэртээ сууж байгаа. Одоохондоо ч яахав, ач зээгээ мургууль цэцэрлэгт нь хүргээд цагийг өнгөрөөж байна. Эднийгээ том болохоор хийх ажилгүй болох байх даа. Ажилд орох гэхээр нас, зүс царай заагаад ажилд авахгүй юм. Хүүхдүүд ч ялгаагүй энэ мэт хүндрэлээс болоод тогтмол ажилтай болж чадахгүй байна. Уг нь бол өөртөө таарсан ажил хийвэл хийчихмээр л байдаг. Ажил хийгээд амьдралдаа нэмэр болмоор байна шүү дээ. Юухан хээхэн дээр ч бол хүний гар харна гэдэг хэцүү. Үүнийг ажилгүй хүмүүс л ойлгоно доо.
Хүмүүсийн амьдрал дээрдэж л байна
Өндөр настан Х.Гомбо: Ойр орчны хүмүүсээс сонсохоор ажлын байр гадуур хомсхон л байх шиг байна. Уг нь бол нэг үеэ бодвол бас ч ард иргэдийн амьжиргааны түвшин дээрдэж байна.
Амьдрал дээрдэнэ гэдэг ажил хийж ам тосдож яваагийн л илрэл биз дээ. Би одоохондоо ажил төрөл хийгээгүй тэтгэвэртээ сууж байна. Гэхдээ насандаа таарсан жижүүр, манаачийн ч бол ажил хийвэл болмоор л юм шиг санагдах юм.
Амралтаараа ажил хийх боломж байдаггүй
УБИС-ийн оюутан Б.Бямбасүрэн, Х.Амгалан: –Оюутнуудад зориулсан ажлын байрны хангамж муу байгаа. Нэг гэрээс 2-3 оюутан зэрэг суралцдаг тохиолдол олон. Манайх л гэхэд хоёр оюутантай.
Тиймээс зуныхаа амралтаар ч гэсэн ажил хийгээд ар гэрийнхнийхээ ачааг хөнгөлөөд, өөрийн төлбөрөө төлчихье гэж бодохоор яг оюутнуудад зориулсан ажлын байр ерөөсөө олддоггүй. Тэгээд төлбөрөө хагаслаад хийе гэхээр сургуулиас заавал бүтнээр нь хий гээд жаахан хүндрэлтэй л байдаг.
Р.Нямжаргал