
Одоогоос хоёр зууны тэртээ европын улсууд бэлгэвчийг зохион бүтээж тухайн үедээ аюулын харанга дэгдээгээд байсан тэмбүү, заг хүйтэн зэрэг бэлгийн замын өвчлөлийн тархалтыг нь зогсоож чадсан гэдэг. Бэлгэвч анх зохион бүтээгдсэнээс хойш хоёр зууны дараа монгол улсад үйлдвэрлэх үйлдвэр нь алга. Үүнээс шалтгаалаад хүрэлцээ нь ч муу байна. Азийн улсуудтай харьцуулахад бэлгэвчийн хэрэглээ бага орны тоонд ордог. Одоогийн байдлаар хөдөө, орон нутагт 5 хүн халдвар авч хоёр нь нас бараад байгаа. Хөдөө орон нутагт бэлгэвчний хүрэлцээ маш муу байдаг бөгөөд яаж хэрэглэдэгийг нь мэддэг хүн нь ч ховор байна. Сүүлийн үеүүдэд хөдөө, орон нутагт ХДХВ, ДОХ-ын талаар мэдээлэл өгдөг мэдээллийн төвүүд ажиллах болж сумдын эмнэлэгийн эмч нарт зохих мэдлэгийг өгөх богино хэмжээний сургалт зохион байгуулж байгаа юм.
2006 онд тухайн үеийн эрүүл мэндийн сайд Л. Гүндалай “Бэлгэвч хэрэглэцгээе” хэмээн уриалж байв. Тухайн үедээ л сайхан санаачлага байлаа. Гэсэн ч хүрэлцээ бага байгаа бэлгэвчийг мянган удаа хэрэглэ гээд хашхирсан ч болсонгүй. Хэдийгээр гурван жил өнгөрсөн ч хүрэлцээ, хэрэглээ хоёр нь бага байсаар л байна. Одоогоос хоёр жилийн өмнө Дархан уул аймагт нэгэн туршилт явуулжээ. 2001 оноос хойш бэлгэвчийн тухай Дарханы залууст сурталчилж хэрэглэснээрээ ямар ач тустай гэдгийг нь таниулж эхэлсэн байна. Үр дүн нь гурван жилийн дараа гарсан юм. 2001 онд 13 хувьтай байсан бэлгэвчний хэрэглээ 2004 онд 84 хувь болтолоо өсч бэлгийн замын өвчлөл эрс багассан үзүүлэлт гарсан байна. Энэ бол нэг хотод амжилттай хэргэжсэн туршилт. Дарханд үр дүнгээ өгсөн юм бол яагаад Улаанбаатарт үр дүнгээ өгөхгүй байна гэж.
Улаанбаатарт биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийн 68 хувь нь бэлгэвч хэрэглэдэггүй гэсэн судалгаа байдаг. Мөн баар, саун, цэнгээний газруудад бэлгэвчээр үйлчилдэг тохиолдол бараг байхгүй байжээ. Яагаад гэвэл тэдэнд хүрдэггүй. 11 сая бэлгэвчийг яаж, хаанаас олох гэдэг хамгийн том асуулт. Гадаадад үйлдвэрлэж байгаа бэлгэвчүүд тээвэрлэлтийн зардалтайгаа нийлээд хамаагүй өндөр байдаг учраас захиалахад асар их хэмжээний мөнгө төлөх шаардлагатай болно.
Бэлгэвчийг хэрэглэнэ гэдэг ханиаднаас сэргийлэхийн тулд маск зүүхтэй л адил. Ханиадны үед маскаар хангаж чаддаг шигээ, ДОХ-ын тархалт нь өндөр байгаа нөхцөлд бэлгэвчээр хангах нь төрийн үүрэг.
Би ДОХ-оор өвчлөхгүй байхыг хүсч байна. Тийм учраас надад бэлгэвч хэрэгтэй.