
Улсын ерөнхий прокуророос АТГ-ын дарга, дэд дарга нарт “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан, Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчиж тагнуулын ажиллагаа явуулсан” гэдэг үндэслэлээр огцруулах саналаа УИХ-д оруулаад гурван сар өнгөрч байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор үүнийг нь хэлэлцээд “Хууль зөрчиж гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна” гэдэг дүгнэлтт гаргасан. Гэвч Хууль зүйн байнгын хороо “Ч.Сангарагчааг огцруулахгүй” гэдэг шийдвэрийг хоёр дахиа гаргав. Өнгөрөгч долоо хоногт тус байнгын хороо уг асуудлаар хуралдахдаа нууцаар санал хураасан нь “Хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс бусад тохиолдолд санал хураалтыг илээр явуулна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай Тамгын газрын нөхөд нэгдсэн чуулган дээр мэдэгдсэн. Тиймээс санал хураалтыг өчигдөр дахин явуулсан билээ. Хууль зүйн байнгын хороо 20 гишүүнтэй. Долоо нь Ардчилсан намынх, үлдсэн нь МАХН-ынх. Эхний хуралдаанд 17 гишүүн суусны тав нь Ардчилсан намын гишүүд байж. Гэтэл нууц санал хураалтаар зургаан гишүүн Ч.Сангарагчааг огцруулахаар санал өгснөөс болж МАХН-ынхан “урвагч” гишүүнээ хайж байна, Ардчилсан намын гишүүдийг “Гуйж орчихоод засгаас гараарай” гэсэн ч гэх шиг.
Харин өчигдрийн хуралдаанд 14 гишүүн суусны гурав нь Ардчилсан намынх байв. Тиймээс МАХН-ын бүлгийнхэн санал хураалтыг илээр явуулахыг эсэргүүцэж, сайд Ц.Нямдорж, гишүүн Ц.Сүхбаатар нар “Илээр санал хураавал бид санал өгөхгүй” хэмээн хурал хаяжээ. Илээр санал хураахыг Ардчилсан намын гурван гишүүн дээр Б.Бат-Эрдэнэ, Д.Дэмбэрэл нар л дэмжиж, олонхийн саналаар нууц санал хураалт явуулан Ч.Сангарагчааг огцруулахгүйгээр шийдвэрлэжээ. Байнгын хороон дээр нууцаар санал хураасан тохиолдолд нэгдсэн чуулган дээр ч мөн энэ жишгээр явах ёстой. Тиймээс Ардчилсан намынхан нэгдсэн чуулганы хуралдаанаас завсарлага авч, уг асуудлыг гацаахаар болсон байна.
Б.ЗАЯА