
-Монгол хүүхдүүд зүрхний ямар төрлийн өвчнөөр ихэвчлэн өвчилж байна?
-Монголчуудын дунд зүрхний өвчлөл түгээмэл. Сүүлийн жилүүдэд насанд хүрсэн хүмүүсээс гадна хүүхдүүд төрөлхийн зүрхний гажигтай төрөх нь ихэсч байна. Тэдэнд үнэ төлбөргүй мэс засал хийж олон хүүхдийг амь насыг аварч байгаадаа баяртай байдаг. Энэ удаа 35 хүүхдэд мэс засал хийх байснаас 31 хүүхдэд нь амжилттай хагалгаа хийсэн. Харин дөрвөн хүүхдэд нь материал нь таарахгүй байсан учир хийж чадаагүй. Японы эмнэлэгт өдөрт 2-4 хүүхдэд энэ төрлийн хагалгаа хийдэг. Энэ удаа Монголд өдөрт 9 хүүхдэд мэс засал хийлээ. Ерөнхийдөө Монголд 100 хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай гэх судалгаа бий. Энэ бол өндөр үзүүлэлт юм л даа.
-Зүрхний олдмол болон төрөлхийн гажигийн шалтгаан юунд байна вэ?
-Дэлхийн аль ч оронд зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрдөг. Миний ажиглаж буйгаар Монгол улсын газар нутгийн байршил, цаг агаарын онцлогоос болдог болов уу. Нөгөө талаар алслагдсан сум орон нутгийн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж очихдоо муу байдаг учир эрт оношлуулахгүй явсаар хүндрэх нь бий. Цаашид ч өсөх хандлага ажиглагдаж байгаа. Гэхдээ дэлхийн шинжлэх ухаан энэ өвчний шалтгааныг тогтоож чадаагүй ч гэсэн эмчлэх боловсронгуй аргыг олсон нь олон хүүхдийн амь насыг аврах боломж олгож байгаа юм.
-Мэс засал хийсний дараа гарах хүндрэлээс хэрхэн сэргийлэх вэ?
-Ноцтой хүндрэл гарахгүй. Учир нь энэхүү мэс заслыг хамгийн орчин үеийн аргаар хүүхдийн биед зовиургүй зүрхэнд хүрэх бүдүүн судсаар дамжуулан хийдэг. Тодруулбал хүүхдийн биеийг зүсч биш судсаар бөглөх замаар мэс заслыг хийнэ. Гэхдээ бага зэргийн сорви, нүх үлдэнэ. Хагалгаа хийснээс хойш 3-6 сарын хугацаанд гам барьж, эмчийн хяналтанд байх хэрэгтэй.
-Энэ төрлийн өвчний илрэх шинж тэмдэгийн талаар хэлж өгөхгүй юу?
-Хоолондоо болон сүүндээ дургүй болох, хөхөө хөхөж байгаад цацах, амьсгаадах, амархан ханиад томуу хүрэх, ханиад хүрээд эдгэхдээ удаан байх, жин нь нэмэгдэхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ер нь эцэг эхчүүд бага насны хүүхдээ өвдөөгүй байсан ч эмчийн хяналтад байлгах нь аливаа өвчнийг эрт оношилж , хүндрэхээс нь өмнө эмчлэх сайн талтайг санахад илүүдэхгүй.
-Танай төсөл хаанаас санхүүжилтээ авдаг вэ?
-Бид өнөөдрийг хүртэл Японы ард түмний сайхан сэтгэлийн дэмжлэгээр ажлаа явуулж ирсэн. Мөн энэ үйлсэд Монголын сайхан сэтгэлт олон хүн тусалж байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал бидэнтэй хамтран ажилладаг Хариу нэхээгүй үйлс төрийн бус байгууллага, III эмнэлэг, ЭНЭШТ-ийн Зүрх судасны тасгийн хамт олонд баярлаж явдаг. Цаашид бидний энэ сайн үйлсийг дэмжих хүн олон гарч ирнэ гэдэгт итгэж байна.
-Нэг хүүхдэд мэс засал хийхэд хэдэн төгрөгийн зардал шаарддаг вэ?
-Мэдээж өртөг өндөр шүү дээ. Японд бол 5000-10000 орчим долларын өртөг шаардана. Өвчлөлийн хэлбэрээсээ хамаараад харилцан адилгүй зардлаар хийдэг. Зүрхний ховдлын цоорхойг нөхөх материал гэхэд л 1500 доллар байх жишээтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд сайн санаат олон хүний ачаар 1000 орчим доллараар энэ матераиллыг авч эхэлсэн.
-Хөдөө орон нутагт танай төслийн нэг баг ажиллаж байгаа гэсэн?
-Тийм ээ. Энэ төрлийн өвчтэй хүүхдүүдийг оношлох, эмчлэхэд чиглэсэн баг алслагдсан сумдад ажиллаж байгаа. Учир нь хөдөөгийн хүүхдүүд эмнэлгийн тусламж авах нь хангалтгүй, мэргэжлийн эмч дутмаг учир өвчин хүндрэх магадлал өндөр байдаг юм билээ. Анх ЭНЭШТ-ийн Зүрх судасны тасагтай хамтарч зөвхөн тухайн тасагт эмчлүүлж буй хүүхдийг хамруулдаг байсан. Харин 2003 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж орон нутгийн хүүхдүүдийг оношлох, эмчлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ төсөлд хамрагдсан хүүхдийн 70-80 хувь нь хөдөө орон нутгийн хүүхдүүд.
-Монголын эмч нарыг мэргэшүүлэх тал дээр анхаарч байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Бидэнтэй хамтран ажилладаг “Хариу нэхээгүй үйлс” ТББ-ийн хамт олон, бид нарын зорилго бол хүүхдэд амьдрал бэлэглэх, Монголын эмч нарыг энэ төрлийн өвчний мэс заслыг эх орондоо бие даан хийх чадвартай болгоход чиглэж байгаа юм. Эмч нараа сургах асуудлыг Эрүүл мэндийн яам, Монгол Улсын засгийн газар анхааралдаа авч байгаа нь сайшаалтай хэрэг. Мөн энэ төрлийн мэс засал хийх тоног төхөөрөмжийг оруулж ирэх нь чухал. Өнөөдөр Монголд ийм тоног төхөөрөмж дөрөвхөн л бий. Энэ нь зүрхний өвчлөл өндөр улсад туйлийн хангалтгүй гэсэн үг.
С.ОТГОН