
-Иргэдийн эзэмшиж байгаа галт зэвсгийг бүртгэх сарын ажил эхэлсэн гэж сонссон. Нийслэлийн хэмжээнд хэчнээн иргэн зөвшөөрөлтэй галт зэвсэг эзэмшиж байгаа вэ?
-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль 2001 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр батлагдан гарч өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 8670 гаруй галт зэвсэг бүртгэгдсэн байна. Галт зэвсгийг иргэд ан агнах, спорт сургалт, цуглуулгын, аж ахуйн нэгжүүд нь харуул хамгаалалт, спорт сургалтын зориулалтаар эзэмшиж байна.
-Иргэд ямар нөхцлийг хангаснаар галт зэвсэг эзэмших боломжтой болдог юм бол?
-Галт зэвсэг эзэмшигч болон хамтран эзэмшигч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн байх бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрхтэй болно. Шинээр галт зэвсгийг худалдан авсан иргэн, хуулийн этгээд 14 хоногийн дотор холбогдох материалыг бүрдүүлж, цагдаагийн байгууллагад бүртгүүлж, галт зэвсгийн гэрчилгээ авна. Мөн тухайн иргэн оршин суугаа газраа өөрчлөх бол тухайн дүүрэг, аймаг, сумын бүртгэлээс эзэмшиж байгаа галт зэвсгээ хасуулж, шилжин очсон газрын цагдаагийн байгууллагад ажлын таван хоногт багтаж бүртгүүлэх ёстой.
-Галт зэвсэгийн бүртгэл жил бүр явагддаг уу. Хадгалах нөхцөл байдалд нь тусгай стандарт мөрдөх шаардлагатай гэж сонсч байсан. Энэ үнэн үү?
-Галт зэвсэг эзэмшигч нь жил бүр галт зэвсгээ оршин суугаа газрын цагдаагийн байгууллагад бүртгүүлж, татвараа төлж, алдаж үрэгдүүлбэл 24 цагийн дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ. Галт зэвсгийг зориулалтын бусаар ашиглах, бусдад дамжуулахыг хуулиар хориглодог. Өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд өөрийн оршин суугаа гэр, сууцандаа сум, замгаас нь тусад нь хадгалах үүрэгтэй. Харин харуул хамгаалалтын болон спорт сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөх хуулийн этгээд галт зэвсгийг тусгай зориулалтын шүүгээнд, сумаас тусад нь хадгална.
-Сүүлийн үед галт зэвсэгт тээвэрлэж явсан цөөнгүй тохиолдол гарч байсан. Ингэхэд ямар нөхцөлд галт зэвсэгийг авч явахыг зөвшөөрдөг юм бэ?
-Галт зэвсгийг хот суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр авч явахыг хориглодог. Агаарын хөлөг онгоц, усан онгоц, галт тэрэг, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр авч явахдаа хөлгийн болон галт тэрэгний дарга, эсхүл жолоочид хадгалуулах ёстой. Ингэхдээ тухайн галт зэвсгийг гэрчилгээний хамт авч явж, аюулгүй байдлыг хангах үүднээс сумаас тусад нь зориулалтын гэрэнд хийсэн байна.
-Миний мэдэх “Их ав” дэлгүүрт буу, сум зарж байдаг. Өөр худалдааны газрууд байдаг уу. Ийм худалдаа эрхлэхэд зөвшөөрлийг нь хаанаас өгдөг юм бэ?
-Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв улсын хэмжээнд нэг байдаг. Хуульд зааснаар хоёр аж ахуйн нэгж Үйлдвэр худалдааны яамнаас /хуучин нэрээр/ олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийслэлд “Их ав” төв байдаг. Энэ төвд ангийн зориулалтын галт зэвсэг, сумыг нийтэд худалдах үйл ажиллагааг явуулдаг. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Зэвсэгт-2010 нэгдсэн арга хэмжээ энэ сарын 12-ноос ирэх сарын 12 хүртэл 30 хоногийн хугацаатай явагдаж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд бүртгэлгүй байгаа галт зэвсгийг бүртгэж, гэрчилгээ олгох ажлыг Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсээс зохион байгуулж байна. Тиймээс бүртгэлгүй галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд энэ хугацаанд амжиж бүртгүүлэхийг анхааруулъя. Бас галт зэвсэг бүртгэлийн талаарх мэдээллийг 269235 утсаар лавлаж болох юм.
н.жаргал